Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн Пүрэв гарагт “Киевийн цэргүүд Оросын Курск муж руу хил дамнасан дайралт хийснээс хойш долоо хоногийн дараа Украины зэвсэгт хүчин Оросын Суджа хотыг хяналтдаа авлаа” гэж хэлжээ.

Киевийн цэргүүд өнгөрсөн Лхагва гаригаас хойш Курск хотоос баруун өмнө зүгт 105 километрын зайд орших тус хотод байрлаж байгаа бөгөөд энэ нь Украины зэвсэгт хүчин түүнийг эзэлсний анхны баталгаа аж.

Украины цэргийн командлагч Александр Сирский “Украины цэргүүд гэнэтийн дайралт хийж эхэлснээс хойш Оросын хамгаалалтын шугамаар 35 км (21.7 миль) урагшилж, 1150 хавтгай дөрвөлжин км газар нутаг, 82 сууринг эзлэн аваад байна.

Хяналтад байгаа нутаг дэвсгэрийн хүн амын нэн тэргүүний хэрэгцээг хангах, хэв журам сахиулах зорилгоор” Суджа хотод цэргийн комендантын газар байгуулагдсан” гэж хэлжээ.

Суджа хот Оросын хийн терминалын хажууд байрладаг бөгөөд Оросоос Украины нутаг дэвсгэрээр дамжин Европ руу хий нийлүүлэх гол цэг аж. Киевийн нэг зорилго нь Москвад ашигтай санхүүжилтийн эх үүсвэрийг хумих явдал байж магадгүй гэсэн таамаг төрүүлж буй юм байна.

Украины нисгэгчгүй онгоцууд өнгөрсөн Лхагва гарагт Оросын дөрвөн нисэх онгоцны буудлыг онилсон нь дайн эхэлснээс хойших хамгийн том дайралт болжээ.

Украины Аюулгүй байдлын албаны эх сурвалжийн CNN-д мэдээлснээр, халдлага баруун өмнөд Курск, Воронеж, Москвагийн зүүн хэсэгт орших Нижний Новгород дахь дөрвөн баазыг онилсон байна.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам “Курск болон зэргэлдээх бүс нутгуудад 117 нисгэгчгүй онгоц, дөрвөн тактикийн пуужин устгасан” гэж мэдэгджээ.

Украины дайралт Кремлийг хүндхэн байдалд оруулж байгаа бөгөөд Киевийн тактикт мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, Дэлхийн II дайнаас хойш Оросын нутаг дэвсгэрт гадаадын цэргүүд анх удаа нэвтэрсэн тохиолдол болсон байна.

Украины цэргийн командлагч өнгөрсөн Лхагва гарагт CNN телевизэд ярилцлага өгөхдөө “ОХУ Киевийн давшилтыг няцаахын тулд Украин болон Орост эзлэгдсэн Крымын байлдааны гол бүс нутгуудаас нөөцөө татсан” гэж мэдэгджээ.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас өнгөрсөн Пүрэв гарагт Telegram сувгаараа дамжуулан “Курск муж дахь Крупец сууринг эргүүлэн авсан” гэж мэдэгдсэн байна.

Оросын олон арван тосгон Украины мэдэлд байгаа нь тогтоогдсоны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн Даваа гарагт “Оросоос дайсныг хөөнө” гэж амалжээ.

Оросын зэвсэгт хүчин Украины зүүн фронтын дагуу тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Украины зүүн нутгийн Покровск хотын ойролцоо сүүлийн долоо хоногийн хамгийн ширүүн тулаан болсныг Пүрэв гарагт мэдээлжээ.

Покровск хотын цэргийн захиргааны дарга Серхий Добриак “Телеграм” хуудастаа “Дайсан хаяанд” буюу хотоос 6 миль (10 км) зайтай байсан” гэж бичсэн байна.

Добриак бүх иргэнээ “цаг алдалгүй нүүлгэн шилжихийг” уриалжээ.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу