УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэж буй юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

“ӨМНӨХ БОДЛОГУУД АЛДААТАЙ БАЙГААГ МЭДСЭЭР БАЙЖ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨРИЙН ХӨТӨЛБӨР ОРУУЛЖ ИРЖ БАЙНА”

УИХ-ын гишүүн Н.НОМТОЙБАЯР: 

-УИХ-д сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх “Үндэсний эвсэл”-ийн ирэх дөрвөн жилд барих гэрийн даалгавар болох Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр орж ирлээ. Гар дээр ирээд хоёр хонож байна. Хараахан гүйцэд танилцаж амжаагүй байна. Зарчмын хувьд хэд хэдэн санал, шүүмж, асуулт байна.

Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн нийгэм, эдийн засгийн үзэл баримтлал юу вэ. Яагаад үүнийг асууж байна вэ гэхээр өмнө нь олон олон бодлого УИХ дээр орж ирж байсан. Бодитой хэрэгжилт нь анх УИХ дээр орж ирсэн бодлогынхоо цаастай огт нийцэж байгаагүй.

Энэ удаагийн Засгийн газар улс төрийн гурван өөр улс төрийн үзэл баримтлалтай намуудын нэгдэл. Ийм богинохон хугацаанд улс төрийнхөө үзэл баримтлалын нэгтгэлийг хэрхэн хийж, ямар эдийн засгийн систем тодорхойлж үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийг тодорхойлов.

Миний зорилго бол нэгд, анхнаасаа ам өчиг авчих гээд байгаа юм. Хоёрдугаарт, 120 их наяд буюу 35 орчим тэрбум ам.доллар гэдэг бол тоон дүнгээрээ тийм ч их мөнгө биш. Олон улсад томд тооцогдохгүй компанийн дөрвөн жилийн бизнес төлөвлөгөөний санхүүжилт. Гэтэл саяхан Монгол Улсаас хөгжлөөрөө хол зөрүүгүй Узбекстан улсад 800 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байна.

Учир нь засаглалын тогтолцоо зөв, хууль эрх зүйн орчин таатай, хувийн хэвшилээ төр нь тултал нь дэмждэг, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж чаддаг, төсвийн урсгал зардал нь үрэлгэн биш гэх мэт эдийн засаг, эрх зүйн сууриа зөв тавьж чадсан учраас 800 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт юу ч биш санагдаж байгаа юм байна.

Тиймээс бид 2050 хөтөлбөр, өмнөх бодлогууд алдаатай байгааг мэдсээр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр оруулж ирж байна. Үр дүнд нь цалин тэтгэвэр, ажилгүйдэл, ядуурал хэдэн хувиар буурч, төгрөгийн ханш хэр чадамжтай байх, гаднын хөрөнгө оруулалт ямар байх талаар ам өчиг авмаар байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлах гэж яарах шаардлагагүй. Шаардлагатай бол ээлжит бус чуулганыхаа хугацааг 25-наас сунгая.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. Номтойбаяр хувийн хэвшлээ төр нь тултал дэмждэг болох тухай ярьсаар гарч ирсэн. Үүнийгээ ярьсаар хэрэгжүүлэх гэж зүтгэсээр л (гэр бүлийнх нь бизнес юм чинь) байна. Одоо яалгах гээд байгаа юм?

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу