УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан дээр Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр гишүүдийн асуултад хариулав. 

“2028 ОНД ГАДААД ВАЛЮТЫН 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН НӨӨЦ ҮЛДЭЭНЭ, ДЭЭР НЬ АЛТНЫ НӨӨЦТЭЙ БОЛНО”

Тэргүүн Шадар сайд Л.ГАНТӨМӨР:

-Засгийн газраас өнгөрсөн хугацаанд шийдэж чадаагүй хөгжлийн асуудлаа шийдье гэж байгаа юм. Ядуурлаас гаръя. Өмнө нь ядуурлаас гарах хөрөнгө оруулалтын орчноо шийдэж чадаагүй. Хөрөнгө оруулагчдыг хамгаалах, дэмжих орчноо бүрдүүлье.

Хууль шүүхийн байгууллагын хараат бус байдлыг хангая, парламентын тогтолцоог бэхжүүлье, эргэлзэж, тээнэгэлзэхгүйгээр Үндсэн хуулийнхаа үзэл санааны дор тулгамдсан асуудлуудаа шийдье. Хоёрдугаарт, улс төрийн намууд сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөрөө зарлаж, иргэд түүнд саналаа өгдөг.

Хамтарсан Засгийн газарт орж ажиллахдаа ард түмний өгсөн саналыг гээгдүүлэхгүй байхыг үндэслэлээ болгосон. Тийм учраас мөрийн хөтөлбөрт тусгагдсан саналуудыг ажил хэрэг болгох нь улс төрийн соёл, улс төрийн суурь зарчим. Эндээс ХҮН нам, АН, МАН намын мөрийн хөтөлбөр 50-иас дээш хувиар биелэхээр төлөвлөж оруулж ирж байгаа юм.

Төрийн оролцоог нэмэгдүүлэхээр 140 гаруй төсөл, хөтөлбөр зарласан хэрэг биш. Үүнээс 30 гаруй нь нийгмийн чиглэлийн, дэд бүтцийн асуудлууд. Үүнийг төсвийн хөрөнгөөр шийднэ. Мөн 30 хувийг хувийн хэвшил хийнэ. Түүний тодорхой хувь нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, 120 их наяд төгрөгийг төсвөөс гаргаад хийх ажил биш.

Бидний стратеги бол нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргэнэ. Үүнийг амлаж байна. УИХ, Засгийн газрын гишүүд үүний төлөө ажиллана. Нөөцөө арвижуулаад явна. Тухайлбал, 2028 онд гадаад валютын 10 тэрбум ам.долларын нөөц үлдээнэ. Дээр нь алтны нөөцтэй болно. Үүний тулд төр гэхээсээ илүүтэй хувийн хэвшлийг дайчилна.

Хувийн хэвшилтэй нягт хамтарч ажиллана. Садаа, гай болдог, дээрэлхэж дарамталдаг хандлагыг бүрмөсөн хална. Засгийн газраас үзэл бодол, намын гишүүнчлэлээс болж ялгаварлан гадуурхдаг байдлыг хална. Үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа гишгэдэг байдлыг халж байж улс орныхоо төлөө нэгдэнэ.

Х.НУРЖАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу