УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн Францын “Орано” групптэй хийх Зөөвч-Овоо ураны төслийн талаар асуусан асуултад салбарын сайд хариулт өглөө.

“ФРАНЦЫН ‘ОРАНО’ ГРУППТЭЙ ХЭЛЦЭЛ ХИЙХ АЖЛЫН ХЭСГИЙГ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ АХАЛЖ, МИНИЙ БИЕ ДЭД АХЛАГЧААР НЬ АЖИЛЛАЖ БАЙНА”

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.ТУВААН: –Францын “Орано” групптэй хийх хэлцэл хоёр Засгийн газрын бүрэн эрх дамжсан. Ажлыг хэсгийг саяхан шинэчлэн байгуулж, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж, миний бие дэд ахлагчаар нь ажиллаж байна. Мөн хоёр улсын Ерөнхийлөгчийн уулзалтын үеэр үүнтэй холбоотой асуудал яригдсан.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Зөөвч-Овоо ураны төслийн асуудал тавигдсан. Тиймээс энэ оны аравдугаар сард багтаан хөрөнгө оруулалтын гэрээг хийж, үйл ажиллагаанд оруулна.

Энэ удаагийн Засгийн газар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болгож өөрчилсөн. Нэмүү өртөг шингээж, ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэсэн агуулгаар аж үйлдвэрийн гэж нэрлэж оруулж ирж байгаа юм.

Мөн стратегийн ордыг түшиглэсэн үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхдээ бид өнгөрсөн парламентын үед баталсан үйлдвэр технологийн паркийн хуулийн хүрээнд цогц байдлаар энэ асуудлаа шийдье, ганцхан үйлдвэр бариад орхих биш, бэлэн бүтээгдэхүүн бий болгоё.

Тухайлбал, Зэс баяжуулах үйлдвэр дээр зэсийн баяжмалаа катодын зэс болгон үйлдвэрлэж гаргаад, тэндээсээ цааш хувийн хэвшлүүдтэйгээ хамтарч, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг кластер байдлаар хөгжүүлье гэсэн байдлаар асуудалд хандаж байна.

Үүнтэй холбоотойгоор, зургаан байршилд үйлдвэр технологийн паркийн лицензийг Засгийн газраас олгоод, стратегийн ордуудаа түшиглэж байгуулах үйлдвэрлэл технологийн парк, тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” дээр байх магадлалтай Зэс хайлуулах үйлдвэр, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэж байгуулах Гангийн үйлдвэр, цаашлаад Хөтөл, Бор-Өндөр, Багануур, “Эрдэнэс Тавантолгой” гэх мэт үйлдвэр технологийн парк байдлаар асуудлуудаа шийдээд явна гэсэн зорилттой байна. Энэ ч талаараа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө тодорхой тусгасан.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу