УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуусныхаа дараа Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханыг Ханги-Мандал чиглэлийн төмөр замыг төрд өг” гэв.

“ХАНГИ-МАНДАЛ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ ТӨРД ӨГ”

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ: -Нарийн царигаар төмөр зам барих тухай асуудлыг өргөн барьсан. Гэвч хэлэлцэхгүй байгаа. ОХУ 2022 онд Манжуураар нарийн царигийн төмөр замыг Хятад руу тавиад, өдөр шөнөгүй нүүрс зөөж байна.

Ханги-Мандал чиглэлийн төмөр зам хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан. Зам, тээвэр хөгжлийн сайд ашиг сонирхлын зөрчилтэйгөөр хувийн төмөр замтай байж болохгүй.

Хятадын төмөр замууд төрийн өмчийнх. Хувийн төмөр замыг төрийнхтэй холбох асуудал ярихаар Хятадууд хойшоо суудаг. Тиймээс Ханги-Мандал чиглэлийн төмөр замыг төрд өг, энэ асуудлыг шийдэх ёстой” хэмээн ярив.

“НАДАД ЭРХ АШГИЙН ЯМАР НЭГЭН АМБИЦ, ЗӨРЧИЛ БАЙХГҮЙ”

Зам, тээвэр хөгжлийн сайд Б.ДЭЛГЭРСАЙХАН: -Нарийн царигийн төмөр зам оруулж ирэх асуудлыг шийдэх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Хоёр хөршийн царигийг оруулж ирсний дараа манай улс холболт дээр асуудалгүй болно.

Хоёр том хөрш маань нарийн царигаар холбогдоод эхэлсэн учраас бид заавал шийдэх ёстой. Энэ өргөн мэдүүлсэн төслийг УИХ авч хэлэлцэх байх.

Ханги-Мандал чиглэлийн төмөр зам концессын гэрээгээр баригдсан. Энэ бол Монгол Улсын зам. Шаардлагатай гэвэл төр нь авахад эргэлзээд байх зүйлгүй. Барьсан өртөг мөнгө нь тодорхой байгаа.

Хятадаас ирж буй төмөр замтай улсаа бодоод холбох нь зөв гэдэгт эргэлзээд байхгүй. Надад эрх ашгийн ямар нэгэн амбиц, зөрчил байхгүй гэдгийг хэлье.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу