Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд аудит хийснийг цувралаар хүргэж байна.

Монгол Улсын 2024 оны 2 улирлын байдлаарх макро эдийн засгийн төлөв байдал, төсвийн тодотгол хийх үндэслэл, төсөвт орсон өөрчлөлт

Монгол Улсын 2024 оны эхний улирлын байдлаарх нэрлэсэн ДНБ 16.400.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 19.0 хувиар, мөнгөний нийлүүлэлт 41.500.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 31.9 хувиар, ажиллах хүчний оролцооны түвшин 59.4 хувьд хүрч өмнөх оны мөн үеэс 0.8 нэгж хувиар тус тус өссөн, инфляцын түвшин 5.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн тодотголыг боловсруулахдаа эдийн засгийг 5.6 хувиар өсөхөөр, гадаад худалдааны нийт бараа эргэлтийг 27.9 тэрбум ам.долларт хүрч, худалдааны тэнцэл 5.4 тэрбум ам.долларын ашигтай гарахаар, экспортын голлох нэрийн бүтээгдэхүүн болох чулуун нүүрсний борлуулалтын хэмжээг 18.1 сая тонноор нэмэгдүүлж 78.1 сая тонн байхаар макро эдийн засгийн төлөв байдлын төсөөллийг үндэслэл болгожээ.

Улсын Их Хурлаас 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 25,855.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 27,360.5 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 1,505.4 төгрөгийн алдагдалтай байхаар баталсан байна.

УИХ-аас 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулиар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнг 25,855.1 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийг 27,360.5 тэрбум төгрөг, төсвийн
тэнцвэржүүлсэн тэнцлийг 1,505.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тус тус баталсан.

Төсвийн гүйцэтгэл 2024 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 14,947.2 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 12,911.3 тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1,287.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 126 гишүүнтэй шинэ парламент бүрдэж, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын төлөөллөөс бүрдсэн хамтарсан Засгийн газар
байгуулагдсан.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх нөхцөлийг бүрдүүлж, улс төрийн гурван намаас “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээ байгуулж, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий болгосон байна.

Ийнхүү Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1, 34.1.4-т заасан төсөвт
тодотгол хийх нөхцөл бүрдсэн тул Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ХЭГ/1462 дугаар албан бичгээр Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өргөн мэдүүлж, Монгол УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу хэлэлцүүлэх хугацааг товлож өгөхийг хүссэн байна.

Засгийн газраас Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль зэрэг 15 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар, Төрийн өмчийг Нийслэлийн өмчид шилжүүлэх тухай тогтоолын төсөл, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах төслийг тус тус батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлжээ.

Улс төрийн намуудын гэрээнд суурилсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөгжилд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх нь Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал”-ыг бүрдүүлсэн тул “Шинэ 30 жилийн хөгжилд чиглэсэн төсвийн бодлого”-д нийцүүлж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг өөрчлөх нь зүйтэй гэж Сангийн яам үзсэн байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг дараах хүрээнд өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ. Үүнд:

• Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээг ДНБ-ий 30 хувиас хэтрүүлэхгүй байх:
• Нэгдсэн төсвийн суурь тэнцэл ДНБ-ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх:
• Засгийн газрын өрийг нэрлэсэн дүнгээр тооцох багтсан байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухaй хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 28,872.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 36.4 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 30,487.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.5 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,615.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувийн алдагдалтай, нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ 27,269.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.4 хувь, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1,603.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувийн ашигтай байх, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн хэмжээг 47,529.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 60 хувьтай тэнцэхээр тооцсон байна.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 28,872.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 36.4 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 30,487.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.5 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 1,615.4 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБий 2.0 хувь байхаар төлөвлөжээ.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төслөөр нэгдсэн төсвийн дараах үзүүлэлтүүдийг өөрчлөн төлөвлөсөн байна. Үүнд:

-Монгол Улсын төсөвт 2024 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3,017.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 28,872.5 тэрбум төгрөг;
-Монгол Улсын төсвөөс 2024 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 3,127.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 30,487.9 тэрбум төгрөг;
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2024 онд хуримтлуулах дүнг 35.2 тэрбум төгрөгөөр бууруулж 478.6 тэрбум төгрөг;
-Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.1, 12.1.3, 12.1.6 болон 281 .1-д заасан зориулалтаар хийх гадаад, дотоод зээллэгийн дээд хэмжээг 537.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 3,951.8 тэрбум төгрөг;
-Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.5-д заасан зориулалтаар Засгийн газрын авч ашиглах гадаад төслийн зээлийн дээд хэмжээг 984.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 2,209.0 тэрбум төгрөг;
-Тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2024 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийн хэмжээг 1,346.1 тэрбум төгрөгөөр бууруулж 1,940.4 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байна.

Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголыг хөгжлийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил болох техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийг боловсруулах, төсвийн хөрөнгө оруулалтыг бүсчилсэн хөгжил, Улаанбаатар хотын хэт төвлөрөл, түгжрэлийг бууруулах, Туул голоос Хөшигийн хөндий рүү чиглэсэн шинэ их тойруу дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэхэд чиглүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу Төрийн аудитын байгууллагаас дараах дүгнэлт гаргажээ. Үүнд:

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу улсын хөгжлийн бодлоготой нийцэж байна.
Мөн Засгийн газрын нэрлэсэн үнээр тооцсон өрийн үлдэгдэл дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх харьцаа 2024 онд 44.7 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаанд байна.

Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдаж бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т ”төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” гэж заасныг үндэслэн боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйл болон тус хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд тусгасан төсвийн тусгай шаардлагуудыг хангаж байна. Үүнд:

✓ Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон;
✓ Нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1,603.5 тэрбум төгрөгийн ашигтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцүү;
✓Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 28.3 хувь буюу тусгай шаардлагаар тогтоосон 30 хувиас хэтрээгүй байна;
✓ Засгийн газрын өрийн нэрлэсэн үнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь 44.7 хувь буюу тусгай шаардлагаар тогтоосон 60 хувиас хэтрээгүй байна гэжээ.

Монгол Улсын 2024 оны төсвийн тодотгосон орлого

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нийт орлого ба тусламжийн дүнг 2024 оны батлагдсан төсвөөс 2,917.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 30,639.5 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна.

Төсвийн тодотголоор 2024 оны батлагдсан төсвөөс тогтворжуулалтын санд төвлөрүүлэх
орлогыг 35.2 тэрбум төгрөгөөр бууруулж 478.6 тэрбум төгрөг байхаар тооцсон нь нүүрсний зах зээлийн дундаж үнийг 2024 оны эцэс хүртэл буурч хэлбэлзэнэ гэж тооцсонтой холбоотой байна.

Төсвийн тодотголоор 2024 оны батлагдсан төсвөөс үндэсний баялгийн санд төвлөрүүлэх орлогыг 64.8 тэрбум төгрөгөөр бууруулж 1,288.5 тэрбум төгрөгөөр тооцсон нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1.а3, 11.1.24 -т заасны дагуу Ирээдүйн өв санд 789.0 тэрбум төгрөгийг АМНАТ-аас  хуваарилахаар, Хуримтлалын санд 499.5 тэрбум төгрөгийг уул уурхайн олборлолт, ашигт малтмалын баяжуулах салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ногдол ашиг байхаар тус тус тооцоолсонтой холбоотой байна.

Төсвийн тодотголоор төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийг 2024 оны батлагдсан төсвөөс 3,017.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 28,872.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ны 36.4 хувьтай тэнцэхээр төлөвлөсөн байна. Үүнд: Татварын орлогыг 2,985.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төсөвлөсөн нь голлон нөлөөлж байна.

Төсвийн тодотголоор тэнцвэржүүлсэн орлого болон ДНБ-д эзлэх хувь хэмжээ 2023 оны 05 дугаар сарын 31-ний Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн хязгаараас 3,017.3 тэрбум төгрөгөөр хэтэрсэн боловч шинэчилсэн хуулийн төсөлтэй нийцэж байна.

Нүүрсийг 2024 онд 60 сая тонныг экспортлохоор төлөвлөснөөс эхний хагас жилийн байдлаар 67.7 хувийн гүйцэтгэлтэй буюу 40.6 сая тонн хүрч, өмнөх оны мөн үеэс 11.5 сая тонноор буюу 38 хувиар өссөн тул төсвийн тодотголд жилийн эцэст экспортыг 78.1 сая тоннд хүргэхээр тооцсон байна. Харин нүүрсний гол импортлогч орнуудын эдийн засаг, гадаад хүчин зүйл нүүрсний үнийн бууралтаас шалтгаалж төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэлтэй байна.

Засгийн газраас хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулсан, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зэргээр экспортыг дэмжсэн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр зорьсон байна.

Төсвийн тодотголоор орон нутгийн төсвөөс Улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 451.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1,595.3 тэрбум төгрөгөөр төлөвлөжээ. Энэ нь төсвийн орлого тасарсан тохиолдолд оны эцэст орон нутгийн төсөвт хүндрэл үүсгэж болзошгүй байна. Мөн Нийслэл Улаанбаатар хотын төсвөөс Улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 210.7 тэрбум төгрөгөөр бууруулж тооцсон нь өөрийн орлогыг дараах зардлуудад нэмж зарцуулахаар төлөвлөсөнтэй холбоотой байна. Үүнд:

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8, 25 дугаар зүйлийн 25.1.8 дахь заалтад заасан орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын 2024 оны байр ашиглалттай холбоотой тогтмол зардал;
-Улаанбаатар хотод дамжуулан зээлдүүлсэн гэрээний 2024 оны суурь зардалд хянагдаагүй хуримтлагдсан өр төлбөр;
-Засгийн газрын 2024 оны 201 дүгээр тогтоолоор 3 транч бүхий үнэт цаасыг дотоодын зах зээлд нээлттэй хэлбэрээр санал болгосон бөгөөд 2024 онд төсвийн эх үүсвэрээс төлөх хүүгийн эхний төлбөр;
-Нийтийн тээврийн үйлчилгээний зардлын санхүүжилт;
-Хот нийтийн тохижилт үйлчилгээний зардал;
-Сэлбэ дэд төвийн төсөл арга хэмжээний газар чөлөөлөлт, нөхөн олговрын нэмэлт зардал.

Монгол Улсын 2024 оны төсвийн тодотгосон зарлага

Төсвийн урсгал зардал. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын төсвийн нийт зарлагыг 3,127.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 30,487.9 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь төсвийн алдагдлын хэмжээг 110.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд нөлөөлжээ.

Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийт урсгал зардлыг 1,209.6 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлыг 1,797.7 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, эргэж төлөгдөх цэвэр зээлийг 120.1 тэрбум төгрөгөөр бууруулж төлөвлөсөн байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орсны дагуу 9 Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд 187.6 тэрбум төгрөгийн төсвийн зохицуулалт хийж, яамдын чиг үүргийн өөрчлөлттэй холбоотойгоор 31 Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг 1,755.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 2 Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг нийт 127.1 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.

Засгийн газар нь Эрчим хүчний салбарт зах зээлийн өрсөлдөөнийг бий болгох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх, салбарын үнэ тарифыг бодит өртгөө нөхдөг байх зарчимд шилжүүлэх бодлогын зорилт дэвшүүлсэн байна.

Уг зорилтын хүрээнд эрчим хүчний салбарт шинэчлэл хийх шилжилтийн үеийн зардлыг санхүүжүүлэхэд зориулж 131.1 тэрбум төгрөгийг нэмэгдүүлэн тусгасан бөгөөд цаашид тарифын өсөлтийн өөрчлөлтөөс үүдсэн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлсээр байвал төсөвт дарамт учруулахаас гадна эрчим хүчний суурь тарифын өсөлт нь нийгэм, эдийн засагт сөрөг үр дагаврыг авчирч болзошгүй.

Үргэлжлэл бий…

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу