УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 126 гишүүнээс 71 буюу 56 хувийн ирцтэй эхэллээ. Өнөөдөр (2024.08.19)-ийн хуралдаанаар:

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гараг буюу наймдугаар сарын 16-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд төсвийн төслийн тухай илтгэл дүгнэлт болон төсвийн төсөлтэй холбогдуулан Ерөнхий сайд, ерөнхий аудитор, төсвийн тогтвортой байдлын зөвлөл, төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт авч дууссан.

Дэгийн тухай хуульд заасны дагуу төсвийн төслийн тухай болон хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн мэдэгдлийн тусгай шаардлага, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураав.

Санал хураалтад 76 гишүүн оролцож, 49 нь дэмжсэнээр Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороо болон дэд хороодод шилжүүлэв.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Үндэсний баялгийн сангийн 2024 оны тухай хуулийн төслүүд нь төсвийн тухай болон төсвийн шалгуурт заасан дунд хугацааны тусгай шаардлага, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх дээр санал хураав.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны саналаар тус хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 82 хувь буюу 64 гишүүн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ёс зүй, дэгийн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар мөн Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. УИХ-ын чуулганы наймдугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүд санал дүгнэлттэй танилцсан билээ.

УИХ-ын Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэхээр хуралдаж байна.

Энэхүү хуралдааны дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилнэ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу