Британиас Ирландад суугаа ЭСЯ-ны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Марк Смит Их Британи зэвсгээ Израильд нийлүүлсээр байгаатай холбогдуулан албан тушаалаасаа огцорчээ. Энэ талаар “Sky News” агентлаг дипломатчийн мэдэгдлээс иш татан мэдээлэв.

Смит “Израиль улс Газын зурваст дайны гэмт хэрэг үйлдэж, олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчсөний тод, үгүйсгэх аргагүй жишээг бид өдөр бүр харж байна” гээд, “Израилийн Засгийн газар болон цэргийн командлалын өндөр албан тушаалтнууд геноцид хийх санаагаа ил тод илэрхийлсэн” гэж хэлжээ.

Мөн тэрбээр “Израилийн цэргүүд энгийн иргэдийн өмч хөрөнгийг санаатайгаар шатаан, устгаж, дээрэмдэж буй бичлэг хийж байна” гэж нэмж өгүүлсэн байна.

Смит “Дипломат албанд он удаан жил ажилласан миний хувьд огцрох болсондоо харамсаж байна. Гэхдээ би дайны гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүйгээ мэдсээр байж үүргээ биелүүлэх боломжгүй юм” гэж хэлжээ.

Телевизийн сувгийн мэдээлснээр, Лондоны нийлүүлсэн зэвсэг Израилийн батлан ​​хамгаалах хүчинд хэрэглэж буй бүх цэргийн техник хэрэгслийн дөнгөж 0.02 хувийг эзэлж буй аж. Үүний зэрэгцээ Британийн зэвсгийн экспортын 0.4 хувийг Израильд нийлүүлсэн байна.

Гэвч “Campaign Against Arms Trade” байгууллага ‘Вант улсын батлан ​​​​хамгаалах үйлдвэр Израилийн Газын зурвасыг бөмбөгдөхөд ашигладаг F-35-ийн эд ангиудын 15 орчим хувийг үйлдвэрлэдэг’ гэж тэмдэглэжээ.

Эх сурвалж: SKY NEWS, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу