Украин Оросын Курск муж руу довтолсоор байгаа бөгөөд долоо хоногийн дотор ОХУ-ын стратегийн хоёр дахь гүүрийг нурааснаа мэдэгджээ.

Украины зэвсэгт хүчин өнгөрсөн Ням гарагт Званное дахь Сейм голын гүүрэнд агаараас цохилт өгснийг харуулсан бичлэг нийтэлсэн байна.

Хэдэн цагийн дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Курск руу цэргийн дайралт хийж буй зорилго нь Оросын довтолгоог зогсоох “буфер бүс” байгуулах явдал хэмээн анх удаа мэдэгджээ.

Москва 2022 онд Украин руу довтолж эхэлснээс хойш Украин улс Оросын нутаг дэвсгэр рүү бараг хоёр дахь долоо хоногтоо довтолж буй бөгөөд хамгийн том цохилт өгсөн нь энэ аж.

Украины Агаарын цэргийн хүчний командлагч, дэслэгч генерал Микола Олещук олон нийтийн сүлжээнд Оросын гүүрэнд агаараас цохилт өгч буй бичлэгийг байршуулж, “Бас нэг гүүрийг нь нураалаа” гэж нийтэлжээ.

Генерал Олещук “Украины Агаарын цэргийн нисэх хүчин нарийвчилсан цохилт өгч, дайсныг логистикийн чадавхигүй болгосоор байгаа нь байлдааны ажиллагааны явцад ихээхэн нөлөөлж байна” гэж нэмж хэлсэн байна.

Бичлэгээс гүүрэн дээгүүр их хэмжээний утаа саагиж, нэг хэсэг нь эвдэрсэн мэт харагдаж буй ч яг хэзээ халдсан нь тодорхойгүй байгаа аж.

Энэ долоо хоногийн эхээр Украин улс Глушково хотын ойролцоох Сейм гол дээрх өөр нэг гүүрийг нураажээ. Тус гүүрийг Кремль цэргүүдээ зөөвөрлөхөд ашиглаж байжээ.

Эх сурвалж: BBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу