Байгаль орчны улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 01/02 дугаартай “Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх болон агнах, барих, худалдах, худалдан авах, тээвэрлэх үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу идлэг шонхор шувуу барих үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэж байгаа аж.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 224 дүгээр тогтоолын дагуу 14 аймгийн нутаг дэвсгэрээс нийт 350 бодгаль хүртэл тооны Идлэг шонхор шувуу барих боломжтойгоор гэрээ байгуулагджээ. Тухайн үйл ажиллагаатай холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:

1. Тухайн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтэд тодорхой ойлголт өгөх зорилгоор “Идлэг шонхор шувууг барих, соёлын зориулалтаар гадаад улсад гаргах зохицуулалт”-ын талаар мэдээлэл бэлтгэж, тус яамны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн,

2. Орон нутагт хяналт хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага, улсын байцаагчдад “Идлэг шонхор шувуу барих үйл ажиллагаанд баримтлах хууль эрх зүйн зохицуулалт, шалгах баримт бичиг” сэдвээр цахим уулзалт зохион байгуулж, чиглэл хүргүүлсэн,

3. Идлэг шонхор шувуу барих үйл ажиллагаанд Монгол Улс талыг төлөөлж баримт бичгийг бүрдүүлдэг, орчуулагчаар ажилладаг иргэдтэй уулзалт зохион байгуулж, шувуу барих үйл ажиллагаанд оролцож буй гадаад, дотоодын иргэдэд Монгол Улсын хууль эрх зүйн зохицуулалтын талаар сургалт зохион байгуулж, мэдээллээр хангаж ажиллах шаардлага тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн,

4. Идлэг шонхор шувууг барих, тээвэрлэх үйл ажиллагаанд шаардагдах гарал үүслийн тодорхойлолт, сайдын тушаалаар батлагдсан гэрээ, актны загвар зэргийг аймгуудад хүргүүлэн бэлтгэл ажлыг хангасан,

5. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан улсын хэмжээнд Идлэг шонхор шувуу барих үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлсэн зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Хяналт шалгалтын талаарх мэдээлэл:

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ: Тус аймгийн Тарагт сумын иргэн Н.Галбадрахаас БОУАӨЯ-нд ирүүлсэн өргөдөл, гомдолд дурдагдсан асуудлын хүрээнд гомдол гаргагч иргэнийг байлцуулан аймаг, сумдын улсын байцаагч, цагдаагийн байгууллагын албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн байна.

Хяналт шалгалтад Өвөрхангай аймгийн Тарагт, Өлзийт, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Баян-Өндөр сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 7 отог (Сант суманд 1, Есөнзүйл суманд 1, Тарагт суманд 5 отог байрлаж байна), 13 тээврийн хэрэгслийг хамруулж, зохих зөвшөөрөл, эрхийн бичиг, гэрээ байгуулахгүйгээр 52 бодгаль Тагтаа, Ногтруу шувуу барьсан.

Хог хаягдлыг ил задгай байгальд хаясан, газар ухаж булсан, хог шатаасан зэрэг зөрчил дутагдлыг илрүүлж, зөвшөөрөлгүйгээр барьсан шувуудыг байгальд нь эргүүлэн тавьж, зөрчил гаргасан 2 хүнд Зөрчлийн тухай хуулийн 7.6-4-д заасны дагуу тус бүр 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж ажилласан байна.

Хяналт шалгалттай холбогдуулан тухайн аймгийн нутаг дэвсгэрт Идлэг шонхор шувуу барих үйл ажиллагаа явуулж буй иргэдэд “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай” 01/26-01/061/07 дугаартай улсын байцаагчийн зөвлөмжийг хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж буй аж.

ТӨВ АЙМАГ: Идлэг шонхор шувуу барих үйл ажиллагааны суурин отгууд байршиж буй тус аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтыг эрчимжүүлэх чиглэл хүргүүлж, тухайн аймгийн Байгаль орчны газрын улсын ахлах байцаагч, сумдын улсын байцаагчид, Цагдаагийн байгууллагын албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр 2024 оны наймдугаар сарын 8-наас 15-ны өдрийн хооронд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

Хяналт шалгалтад Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 10 отгийг хамруулж, зохих зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулахгүйгээр 9 бодгаль идлэг шонхор шувуу барьсан зөрчил дутагдлыг илрүүлж, зөвшөөрөлгүйгээр барьсан шувуудыг байгальд нь эргүүлэн тавьж, 2 этгээдэд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

БАЯНХОНГОР АЙМАГ: Тус аймгийн нутаг дэвсгэрт мөн хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллаж байна. Тухайн аймгийн Галуут, Бөмбөгөр, Хүрээмарал сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 8 отог (Галуут суманд 2, Бөмбөгөр суманд 2, Хүрээмарал суманд 4 отог байрлаж байна), 12 тээврийн хэрэгслийг хяналт шалгалтад хамруулж, зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүйгээр 50 бодгаль Тагтаа, 14 бодгаль Ногтруу шувуу барьсан зөрчил дутагдлыг илрүүлжээ.

Улмаар зөвшөөрөлгүйгээр барьсан шувуудыг байгальд нь эргүүлэн тавьж, зөрчил гаргасан 1 хүнд Зөрчлийн тухай хуулийн 7.6-1-д заасны дагуу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл, 1.156.000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж, 1 этгээдэд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Бусад аймгуудын Байгаль орчны газрын улсын байцаагчдад хяналт шалгалтыг эрчимжүүлэх чиглэл хүргүүлж, сумдын улсын байцаагчид өдөр тутмын хяналт тавьж ажиллаж буй юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу