УИХ-ын ээлжит бус чуулганы Даваа гаргийн үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд (Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн) хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулж, хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэж өгөхийг хүсэв.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал дээрх хуулийн төслүүдийн талаарх УИХ-ын Төсвийн байнгын хорооны санал, дүггнэлтийг танилцуулж, хэлэлцэж өгөхийг хүслээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж, хариулт авч байна.

“40 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨРТӨГ БҮХИЙ ТОМООХОН ТӨСЛИЙГ ШУУД БАЙГУУЛАХ САНААРХАЛ АГУУЛАГДАЖ БАЙНА”

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: -Нэг онигоо байдаг. Нэг авлигачаас “Сайхан амьдрахад юу саад болж байна вэ” гэж асуухад “Эрүүгийн хууль саад болж байна” гэж хариулсан байдаг. Хулгай хийхэд нь эрүүгийн хууль саад болоод байгаа гэж.

Төсвийг дагасан тендерийн хуулийн их том өөрчлөлт анх удаа бус, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дөрөв дэх удаагаа орж ирж байна. Энэ өөрчлөлт анх 2021 онд ковидын хуулийг дагаж орж ирж байсан. Монгол Ардын нам өөрсдөө эрх барьж байсан ч энэ хуулийг дэмжихгүй буцааж байсан.

2022 онд орж ирж байсан, мөн дэмжихгүй буцааж байсан. 2023 онд Тендерийн хууль шинэчилсэн найруулгаар батлагдахад том төслүүдийг тендергүй хийчихье гэдэг санаархал гурав дахь удаагаа орж ирсэн. Энийг эрх барьж байсан нам өөрөө бүлгийн олон шударга гишүүд дэмжээгүй учраас буцааж байсан. Одоо Хамтарсан Засгийн газраас дөрөв дэх удаагаа орж ирж байна.

Энд товчхондоо 40 тэрбум ам.долларын өртөг бүхий томоохон төслийг шууд байгуулах санаархал агуулагдаж байгаа юм.

Хамтрах нь авлига, хулгай гарах үүд хаалгыг хаахад оршиж байгаа. Ард түмний төлөөллийн дээд байгууллагаар ордог байх ёстой, хянагддаг байх ёстой гэдэг шаардлагыг бид тавьж байгаа юм. Гэтэл энэний ганцхан заалтыг би уншъя.

Тендерийн хуулийн өөрчлөлтийн хоёрдугаар зүйлийн 3.3.7-д “Засгийн газраас хөгжлийн бодлого, шинэчлэлийн хөтөлбөр боловсруулж, нэр хүнд бүхий тусгай мэдлэг, ур чадвартай зөвлөх хувь хүн, хуулийн этгээдийг сонгох шаардлагатай гэж шийдвэрлэсэн бол тендерийн хуулийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалт оруулах гэж байна.

Тэгвэл Тендерийн хуулиар яах юм бэ. Тендерийн хуулиа хүчингүй болгочихооч. Тендерийн хуулийг хэрэгжүүлэх асуудал засгийн газарт хамаарч байна. Энэ заалт хэрвээ батлагдвал УИХ-аас баталсан Тендерийн хуулийг мөрдөх үү, мөрдөхгүй юү, хэрэглэх үү, хэрэглэхгүй юү гэдгийг Засгийн газар УИХ-аас асуухгүйгээр шийдэх бүрэн эрхийг олгох гэж байна. Тэгвэл Тендерийн хуулиар яах юм бэ.

Хэн дээр, ямар асуудлаар Тендерийн хуулийг барих эсэх УИХ-аар орохгүй, Засгийн газар өөрсдөө мэдэх юм бол, тэд нэг сайд мэдэх юм бол Тендерийн хуулиар яах юм бэ.

Энэ асуудлаар УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байна гэж би үзэж байна.

“ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛДАГ АРГЫГ ШИНЭЭР ОРУУЛЖ ИРЖ БАЙНА”

Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга БАТЗУЛ: Хуульд хоёр төрлийн нэмэлт өөрчлөлт оруулж ирж байгаа юм. Эхнийх нь, Монгол Улсад өмнө нь хэрэгжиж байгаагүй ийм төслүүдийн гүйцэтгэгч нарыг дэлхийд чадавхитай этгээдүүдийг урьж оролцуулах замаар, олон улсад байдаг “Selected tender” аргын дагуу хийхээр хуулийн төсөлд нэмэлтээр оруулж ирсэн.

Нээлттэй тендер шалгаруулалт шиг зарлал нь яваад, оролцогчдын зөвхөн урилгаар урьж оролцуулна. Уригдсан этгээдүүд оролцох сонирхолоо илэрхийлсэн бол дунд нь тендер шалгаруулалт явуулдаг аргыг шинээр оруулж ирж байна.

Б.Энхбаяр гишүүний дурдсан, 3.3.7 дээр байгаа асуудал дээр, амьдрал дээр тулаад харахаар зарим тохиолдолд тусгай мэдлэгтэй этгээд, ялангуяа зөвлөх үйлчилгээ, хуулийн баг, эсвэл томоохон хэлэлцээрийн багийг урьж, хамтран ажиллах зайлшгүй шаардлага үүсдэг.

Жишээ нь, стратегийн том ордын хэлэлцээрт оруулах багийг бид тендер зарлаад, гуйж оруулж ирэх боломжгүй байгаа юм. Энэ тохиолдолд, Арбитрт хуулийн тусгай мэдлэгтэй багийг оруулъя гээд тендердэнэ гэхээр нөгөө тал нь хэзээ ч саналаа өгдөггүй, гацаа үүсдэг. Энэ асуудлаас болоод Засгийн газар хэрвээ шийдвэрлэвэл тэр улсуудыг урьж, гэрээ хийн, зөвлөх үйлчилгээ авч болно гэсэн зохицуулалтыг оруулж байгаа юм. Бүх хүмүүстэй энэ зохицуулалтын хүрээнд шууд гэрээлнэ гэсэн ойлголт биш ээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу