Цэцэрлэгт хүрээлэнд өглөө бүр гүйх З.Цэнгэнбаяртай ярилцлаа. Өдгөө 72 нас хүрч яваа, дөрвөн жилийн өмнөөс гүйж эхэлсэн тэрбээр нэг удаадаа 10 орчим км зайд гүйдэг ч үүнийгээ “чамлаж”, 21 км зайд илүү хурдан гүйх зорилго тавьжээ.  

-Та хэзээнээс гүйж эхэлсэн бэ?

-Би хуульчийн мэргэжилтэй, өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг юм. Чөлөөт цагаараа сүүлийн 4, 5 жилийн хугацаанд хөнгөн атлетикийн спорт сонирхсон. Дөрвөн жилийн өмнө “Улаанбаатар марафон”-д 5 км зайд гүйсэн юм. Дараа нь 21 км-т гүйх сонирхол төрсөн. Ингээд өөрийгөө дасгалжуулаад, гүйдэг болсон.

-Гүйж эхлэхэд хэцүү байсан уу?

-Би залуудаа Зүүнбаянд цэргийн алба хаасан юм. Тэр үед их гүйдэг байсан. Дараа нь ОХУ-д их сургууль төгссөн. Тухайн үед бол 3 км зайд гүйдэг байлаа. Тийм учраас гүйж эхлэх надад хүндрэлтэй санагдаагүй. 

-Улаанбаатарт гүйх зориулалтын талбай ховор. Та ихэвчлэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээр л гүйж байна уу?

-Манай гэр эндээс зайтай л даа. Өмнө нь ихэвчлэн гэрийнхээ ойр хавиар, Сэлбэ голын эрэг дагуу гүйдэг байлаа. Тэнд хүмүүс гайхаж хараад, тухгүй байдаг юм. Сүүлийн үед цэцэрлэгт хүрээлэнгээр гүйдэг болсон. Автобусанд суугаад л хүрээд ирнэ. Эндэхийн гүйлтийн зам их гоё, зөөлхөн. Бас агаар нь сайхан. Тиймээс гүйх сонирхол улам л нэмэгдээд байна.

Би нэг удаадаа гурав тойрч, 10 км гүйдэг. Аль болохоор л хурдан гүйхийг хичээдэг. Даанч нэг л болохгүй юм. Хөнгөн атлетикийн мэргэжлийн тамирчин биш учраас хурдан гүйх талаар хүмүүсээс асууж, судлаад л байна. Саяхнаас алхаад, хурдан гүйгээд, алхаад гэх байдлаар бэлтгэл хийж эхэлсэн.

-Дөрвөн жил гэдэг бага хугацаа биш. Энэ хооронд танд өөрчлөлт мэдрэгдэв үү?

-Тогтмол гүйснээр бие хөнгөрч, сэтгэл санаа тайван болно. Мөн ажил хийх, ном унших үед толгой үргэлж сэргэг байдаг. Нөгөө талаар биеийн эрүүл мэнд сайжирдаг. Идэвхтэй, цогтой, золбоотой болдог юм байна. 

-Хүмүүс гүйж байхыг тань хараад хэр хүлээж авч байна вэ?

Гүйж байх үед хүмүүс “Сайн байна” гэж хэлдэг. Зарим нь эрхий хуруугаа гозойлгодог. Тэр нь надад их урам болдог. Залуучууддаа хандаж хэлэхэд, цаг гарвал гүйж байх хэрэгтэй шүү. Үгүй бол өөр спортоор хичээллэх хэрэгтэй. Ямар ч байсан биеийн тамир хийх хэрэгтэй юм байна. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. За хүмүн бол хурдан гүйхээр зориулагдсан аьтан биш бөгөөд 70 гарсан хүнд бүр тохиромжтой бус шүү.энэ дадлагаараа байгаарай гэж зөвлөе

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу