УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн асуулт, хариултаар үргэлжлэв. УИХ-ын гишүүн Ж.Баясгалан гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр ямар бүтээн байгуулалт хийхээр хуулийн төсөлд тусгасан талаар асуув. Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж түүний асуултад хариуллаа.

Тэрбээр “Төсвийн тодотголын хувьд, гадаад зээлийн ашиглалттай холбоотойгоор 984 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд туссан. Тодотголыг дангаар нь яривал, нийт 11 төсөл бий. Үүнээс 8 төсөл нь дэд бүтэц, эрчим хүч, орон сууцтай холбоотой төслүүд бий.

Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, мөн Улаанбаатар хоттой холбоотойгоор цэвэрлэх байгууламж, “Солонго” 1, 2 төсөл, Улаанбаатар Дархан чиглэлийн зам, Улаанбаатар хотын ногоон сууц барих төсөл, Улаанбаатар хотын гэр хорооллын хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл гэсэн төслүүд бий.

Дээр нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл бий. Мөн 10 аймгийн дулааны станц гээд дэд бүтцийн төслүүд нэмэгдэж орж ирж байгаа юм.

Газрын тосны үйлдвэр барих төсөл орж ирж байна. Энэхүү төсөл маань 2017-2027 оны хооронд хэрэгжинэ. Үүнээс гадна нийгмийн үйлчилгээний талаас хоёр төсөл орж ирж байна. Эрүүл мэндийн чиглэлийн нэг төсөл, Зээлийн батлан даалтын сантай холбоотой бас нэг төсөл орж ирж байна.

Мөнгөн дүнгээр хэлвэл, нийгмийн чиглэлийн төслүүдэд 72.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулбал ашиглалт сайжирна гэсэн тооцоотойгоор, харин дэд бүтцийн салбар 858.6 тэрбум төгрөг, Газрын тосны үйлдвэрийн төсөлд 52.7 тэрбум гэж задарч орж ирж байна” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу