УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж

Нэг. Оффтейк гэрээ гэж юу вэ

Оффтэйк гэрээ (offtake agreement) гэдэг нь хараахан үйлдвэрлэгдэж амжаагүй барааг худалдах болон худалдан авах гэрээ бөгөөд урьдчилгаа төлбөр төлмөгц баталгааждаг онцлогтой. Үйлдвэрлэгчийн хувьд урт хугацаанд шаардлагатай санхүүжилт татах арга ч гэж харж болох юм. Энэ бол зах зээлийн нийгэмд аж ахуй нэгжүүдийн хооронд тогтмол хийгдэж байдаг бизнесийн олон төрлийн гэрээнүүдийн л нэг. Ихэвчлэн өрсөлдөх чадвар өндөртэй компаниудын хооронд хийдэг бөгөөд хэлэлцээр хоёр талын хатуу хяналт дор явагддаг. Гэрээ байгуулахын өмнө нарийвчилсан судалгаа шинжилгээ хийж, худалдааны дүрмийг боловсруулж, шаардлагатай бол арилжааны стратегиа тохирох, компанийн онцлог шинж чанар, чиг хандлагыг хүртэл нарийн тооцоолдог. Зөвхөн энэ тохиолдолд урт хугацааны санхүүжилтээр бараа, үйлчилгээ борлуулах бизнес амжилтад хүрэх баталгаатай юм.

Хоёр. Ийм гэрээ урд өмнө хийж байсан уу

2011 онд сонгуулийн амлалтаа биелүүлэх зорилгоор Сү.Батболдын Засгийн газар  “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын “Чалко” компаниас “Дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэй” 350 сая ам.долларын зээлийн урьдчилгаа төлбөр авч байжээ. Мөн энэ үед анх 600 сая ам.долларын Евро бондыг босгож байсан түүхтэй. Монгол Улсын Засгийн газар 2008 оны улстөрчдийн амлалт болгож, сонгогч бүрд 1.5 сая төгрөг бэлнээр тараахын тулд “Эрдэнэс-Тавантолгой”-н нэрээр 350 сая ам.доллар, “Оюутолгой”-н нэрээр 250 сая ам.доллар, “Эрдэнэт”-ээс 200 тэрбум төгрөг гээд нийтдээ нэг тэрбум ам.долларыг зээлж бэлэн мөнгө хэлбэрээр тарааж өнөөгийн эдийн засгийн хямрал, гадаад өрийн эх үүсвэрийг “түүхий эдийн супер циклийн” нэн таатай үед тавьж байжээ!   “Чалко”-ын зээлийн үлдэгдлийг 2017 оны 3 сарын  30-ны өдөр буюу олон жилийн дараа нүүрсээр төлж барагдуулсан байдаг. Тухайн үед нь энэ асуудалд хариуцлага тооцоогүй учраас ийнхүү дахин давтагдахдаа өмнөхөөсөө хэд дахин их далайцтай хийгдэж тэр нь улс орны эдийн засаг, нийгэмд сөргөөр нөлөөллөө.

Гурав. Оффтэйк гэрээ яагаад сөхөгдөв

2022 оны 9 сард гаргасан ОУВС-ын тайлангаар маш тодорхой зарлагдсан юм. Тухайн тайланд, “Төрийн өмчит компаниуд БНХАУ-ын зарим компанитай, ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан байна. Ингэснээр Монгол Улсад орж ирэх байсан экспортын орлого буурсан. Эдгээр нь дэд бүтцийн төслүүд бөгөөд гэрээ улсын нууцад хамаарах тул бид илүү дэлгэрэнгүй мэдээлэлгүй байна. Эндээс мөнгө орж ирнэ гэж хүлээх хэрэггүй болжээ. Мөн эдгээр дэд бүтцийн төслүүд импортыг өсгөнө. Олон нийтэд эдгээр төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлж, яг одоо хэрэгжүүлэх ямар шаардлага байгааг сайтар тайлбарлах шаардлагатай” гэж анх Монголын нийгэмд “шүгэл үлээсэн” юм. Иймээс эрх баригчид хүссэн ч эс хүссэн ч “нүүрсний хулгай”-н асуудлыг сөхөхөөс өөр арга байсангүй. Гадаад валютын ханшийн савалгаа, бүтэн жилийн өндөр инфляцид нэрвэгдэж олон компаниуд хаалгаа барьж, иргэдийн амьдрал хүндэрсэн үед асар их хэмжээний мөнгөн дүнтэй ноцтой асуудлыг хав дараад өнгөрөх боломж үнэндээ байсангүй.  

Дөрөв. Засгийн газар ямар арга хэмжээ авав

 2022 оны 12 сарын 9-ний өдөр Засгийн газар нийт 9 төслийн нууц гэрээг ил болгох шийдвэр гаргасан хэдий ч өнөөдөр зөвхөн нэг хэсэг гэрээг л ил болгож бусад нь нууцын зэрэглэлтэй хэвээр үлджээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт нийтээс нууцлах асуудал байсаар байгаа ажээ. Монгол УлсынҮндсэн хуулинд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэх заалт бий. “Гэвч эзнээс нь өмчийг нуусан” үйлдлийг ухвал юу гарч ирэх вэ гэдэг асуултын хариуг өнөөдөр биш ч ирээдүйд үзэж л таарна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас нууцалсан оффтэйк гэрээнүүд Монгол улсын Үндсэн хуулийн заалттай илт зөрчилдөж байна.        

 

Тав. Оффтэйк гэрээг ямар үед хийвэл хохиролтой вэ

 Ихэнх гэрээнүүд нүүрсний үнэ ханш хангалттай өссөн буюу бидний хэлдгээр “супер цикль”-тэй давхцан 2021 оноос хойш хийгдсэн нь анхаарал татна. Энэ нь худалдан авагч талд асар их хэмжээний ашгийг авчирч худалдагч талд алдагдал  авчирдаг.  УИХ-ын нэгэн гишүүн 19 их наядын гэрээ хийсэн талаар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Монгол улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн. Эсвэл, 2013, 2014, 2015 онуудын төсвийн нийлбэр дүнг гаргавал ийм хэмжээнд хүрнэ. Зарим нь алдагдсан боломжийн хэмжээг тооцсон нь үүнээс хэд дахин их байгаа юм. Харин Засгийн газар “Бид нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд оффтэйк гэрээг ил болгосон” гэж жишим ч үгүй гөрдөж сууна.

 Сүүлийн 10 жилийн дэлхийн зах зээлийн нүүрсний үнэ

 Эх сурвалж: https://www.investing.com/

Зургаа. Оффтэйк гэрээ ямар эдийн засгийн хохирол учруулсан бэ

Энэ гэрээний хохирлыг ямарч их наяд төгрөгөөр хэмжих боломжгүй. Гэрээ байгуулсантай холбоотой манай зах зээлд валютын хэмжээ багасч ханш суларснаар олон мянган аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааны орлого үгүй болсон. Бизнест шударга бус өрсөлдөөнийг төрийн нууцад хамруулах замаар бий болгосон муу жишиг тогтлоо.  Оффтэйк гэрээ ил болохтой зэрэгцэн гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдлаа. Валютын ханш чангарч, өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ өсөж иргэдийн амьдралд хүчтэй цохилт ирсэн. Улс орны эдийн засаг зогсонги байдалд хүрч супер циклийн алтан боломжийг алдлаа. Монгол төгрөгийн ханш суларч энэ гадаад өрийн дарамтыг нэмэх нь тодорхой боллоо. 

Долоо. Төрийн өмчит компаниуд дээр гарч буй завхрал

Төрийн өмчит 94 аж ахуйн нэгжийн нийт хөрөнгө 53 их наяд төгрөг хэрнээ ердөө 300 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Энэ 300 тэрбумыг ердөө дөрөв  нь босгож үлдсэн 90 орчим ТӨХК нь алдагдалтай буюу ашиггүй ажиллаж байгаа юм. УИХ гишүүн Ш.Раднаасэд нэгэнтээ, “Эрдэнэс Тавантолгой компани өмнөх жилүүдэд хийсэн нийт борлуулалтын орлого 12.8 их наяд байхад 7.5  их наядын худалдан авалт хийсэн” гэж мэдэгдсэн нь төрийн өмч бол хулгай, авилгалын эх үүсвэр гэдгийг батлан харуулдаг. Хэрвээ энэ цагт Эрдэнэтийн “хөнжлийг жаахан сөхөж үзвэл” гэж нэгэн улс төрч УИХ дээр халаглаж суув.

Найм. Ямар шийдэл байна вэ

Ямар ч байсан эрх баригчид хэдэн улс төрчдөд энэхүү дуулиант хэргээ тохоод дуусгана гэж санаархаж байх шиг. Анх энэ дуулиан дэгдэхэд хууль хяналтынхан “нүүрсний хулгай”-н ард 5 УИХ гишүүн бий гэж нэр устай нь зарласан. Тэгвэл төд удалгүй  тэс өөр 3 гишүүн оруулж иржээ. Энэ нь эрх баригчдын нийгмийг талцуулж олны анхаарал сарниулах заль хэрэглэж байгаагийн нэг илрэл. Өөрөөр хэлбэл,  “гөлөг төөрүүлэх” арга төдий юм. Таны өдөр тутамдаа хэрэглэдэг талх, гурилын үнэ өссөн байгаа биз? Инфляц өсөж , үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш сулраад иргэн таны орлого ч навс унасан байх учиртай. Энэ бүхний бурууг нүүрсний оффтэйк гэрээнээс эрэх нь зүйд нийцнэ.  

Хэрэв оффтэйк гэрээ байгуулахдаа тооцсон нүүрсний ханшийг тухайн хугацааны дэлхийн зах зээлийн үнэтэй харьцуулахад хэр хэмжээний валют алдсан  нь тодорно. Зах зээлд валют хомстсоноос үүдэж үнэ ханшийн савалгаа, инфляцтай холбоотой өрх гэр, аж ахуй нэгжид ямар хэмжээний хохирол авчирсан бэ гэдгийг тооцвол  алдагдсан боломж гарч ирнэ. Ийм “но”-той гэрээний асуудлыг хойшид гаргахгүй байх хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, оффтэйк гэрээнүүд хийж, нууцад хамруулсан албан тушаалтнууд шүүхийн өмнө очиж байж энэ хэрэгт “цэг” тавигдах нь тодорхой.

Нэг жишээ дурдахыг хүсэж байна. Нэг нь төрийн өмчит нөгөөх нь хувийн өмч, орон нутгийн өмчөөс бүрдсэн 2 нүүрсний компанийн ашигт байдлыг харьцуулж үзье. Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 85.4 хувийг Монгол Улсын Засгийн газар, 14.7 хувийг Монгол Улсын иргэд 1072 хувьцаагаар, 0.05 хувийг ААНБ-ууд эзэмшдэг. Тус компанийн хувьд 2017 онд 461 тэрбум, 2018 онд 807 тэрбум, 2019 онд нэг их наяд гучин таван тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. 2019 оны ашгаас нэг удаа иргэдийн нэгж хувьцаанд 90 төгрөг буюу 1072 хувьцаанд 96480 төгрөг олгож байсан. 2020 онд 300 гаруй тэрбум 2021 онд 110 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ч энэ мөнгийг хөрөнгө оруулалтад зарцуулах шийдвэр гаргаж жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг ноцтой зөрчиж байв.

Орон нутгийн 5 толгой нийт Тавантолгойн ордын ердөө 0.4 хувь эзэлдэг. Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 51 хувь нь орон нутгийн буюу Өмнөговь аймгийн өмч, харин үлдсэн 49 хувийг 23 орны 1900 орчим хувьцаа эзэмшигчдэд оногддог. Тус компани зөвхөн 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 257 төгрөгийг  ногдол ашиг болгон тараах шийдвэр гаргажээ.  

Ийнхүү төр аж ахуйн ажилтай хутгалдах нь ямар ч үр дүнгүй гэдгийг маш олон жишээгээр харуулж болно. Төрийн компанийн муу захирлыг шийтгээд ч нэмэр байхгүй. Доржийн дараа Дондог гарч ирнэ. Харин компанийн засаглалд өөрчлөлт хийж олон нийтийн хяналтад очвол элдэв хулгай, ашиггүй үрэлгэн байдлаас гарч чадна. Дэлхийн жишиг ч өөрөө ийм. Нөгөө талаас, гаднын хөрөнгө оруулалт татсанаар орчин үеийн шинэ техник, технологи орж ирдэг. Өмч эзэнтэй болсноор элдэв хулгай, үрэлгэн байдал үгүй болно гээд тоочвол их олон эерэг өөрчлөлтүүд бий. Эцэст нь иргэн хожсоноор улс орны хөгжих суурь тавигддаг билээ. Иймээс тогтолцооны томоохон өөрчлөлт хийх цаг нь ирсэн. Харин ийм өөрчлөлтийг өнөөгийн хэт олонхийн Засгийн газар хийж чадахгүй гэдэг нь “нүүрсний хулгай”-г илрүүлж буй улс төржилтөөс маш тодорхой харагдаж байна.

 2023 оны 3 сарын 29

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу