Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 736 иргэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон УИХ-ын сонгуулийн хангайн бүсийн буюу нэгдүгээр тойргоос сонгогдсон гишүүдэд хандан бичиг ирүүлжээ.

Уг бичигт “Монголд болж бүтэхгүй байгаа хулгай луйвар, хүнд суртал, тендер, төсөл, зээлүүд, нүүрс төрийн цавчаа, авлига, цэргийн амь гээд бүхий л саар болгоныг илчилсэн Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг олон сар янз бүрийн байдлаар хорьж саатуулж байгааг бид телевиз болон олон нийтийн сүлжээгээр харж, Монголын төрд, хууль шүүхдээ итгэж харж байсан. Гэвч 4.9 жилийн ял оноож, хорих 461-р анги руу ачсаныг сонсоод их харамслаа” гэжээ.

No description available.

Мөн тэд “Олон нийтийн төлөө дуугарсан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэлмэгдүүлж, хаалттай хаалганы цаана өмгөөлөгчгүйгээр шүүсэн асуудлыг хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд та бүхэн анхаарч, энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэгдэх хүртэл явж өгнө үү” хэмээн хүсчээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодруулахад тэрбээр “Ардчиллын төлөө анхаардаг бүх байгууллага Н.Өнөрцэцэгийн асуудалд анхаарах цаг болсон. Үнэнийг хэлсний төлөө, сайд даргыг шүүмжилсний төлөө хэрэгт хийгээд байвал манай орон Ардчилсан орон мөн үү, биш үү гэдэг асуудал яригдана” гэлээ.

Мөн тэрбээр “Энэ асуудлыг холбогдох дэд хорооны хурал болон намын бүлгийн хурал дээрээ ярина” гэж хэлжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу