Их Британийн мэргэжлийн шумбагчид Сицилийн эрэг орчимд супер буюу тансаг зэрэглэлийн дарвуулт завиар аялж явсан, тус улсын технологийн бизнес эрхлэгч Майк Линч, түүний өсвөр насны охин тэргүүтэй зургаан хүнийг эрэн хайх ажлыг далайн гүнд 50 метрт эхлүүлжээ.

Италийн эргийн хамгаалалтын албанаас мэдэгдсэнээр, нийт 22 хүн тээвэрлэж явсан, Их Британийн далбаатай “Bayesian” хэмээх, 56 метрийн урттай дарвуулт завь Портичелло боомтын ойролцоо зангуугаа буулгасан байсан бөгөөд Даваа гаргийн өглөөний 05.00 цагийн орчимд хар салхинд цохиулж, живсэн байна.

Мягмар гаргийн өглөө дарвуулт завины тогооч Рикардо Томас гэх хүн нас барж, 59 настай Линч болон түүний 18 настай охин Ханна нарын зургаан хүн сураггүй алга болжээ.

Сураггүй болсон хүмүүсийн дунд “Morgan Stanley International” байгууллагын дарга Жонатан Блүмэр, “Clifford Chance” хуулийн фирмийн хуульч Крис Морвилло нар эхнэрүүдийн хамт байгаа бөгөөд тэдний дөрөв нь Британийн, хоёр нь Америкийн иргэн юм байна.

Энэхүү аяллыг тэрбумтан Линч зохион байгуулжээ. Нийт зорчигчдын 10 нь хөлгийн багийн ажилтнууд, үлдсэн нь аялагч зочид байж. Тэрбээр Британи, Америкийн ажлын хамтрагчидтайгаа амарч зугаалж явжээ.

Завин дээр байсан Линчийн эхнэр Энжела Бакарес, нэг ойтой нярай ээж, аавын хамт, нийт 15 хүн аврагдсанаас гурав нь хүнд бэртэж, найман хүнийг эмнэлэгт хүргэсэн байна.

British entrepreneur Lynch missing, one dead after yacht sinks off Sicily

Нэгэн цагт ₮Британийн Билл Гейтс₮ гэж нэрлэгдэж байсан Линч өнгөрсөн арван жилийн хугацаанд АНУ-ын технологийн компани “Hewlett-Packard”-д “Autonomy” компанийг 11 тэрбум ам.доллароор худалдсан гэх залилангийн хэрэгт нэр холбогджээ.

Жил гаруйн хугацаанд гэрийн хорионд байсан түүнийг өнгөрсөн зургаадугаар сард Сан Францискогийн тангарагтны шүүх цагаатгасан байна. Үүний дараа Линч сэтгүүлчдэд хэлэхдээ “Би хамгийн дуртай зүйлээ хийхийг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.

Шүүх хуралд Морвилло Линчийг төлөөлөн, харин даатгалын “Хискокс” компанийн гүйцэтгэх захирал Блүүмер Линчийг өмгөөлөх гэрчээр оролцсон байна.

Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн газрын хэвлэлийн төлөөлөгч Даваа гарагт “Бид Сицилид болсон явдлын дараа орон нутгийн эрх баригчидтай холбоо барьж, гамшигт өртсөн Британийн иргэдэд консулын зүгээс тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн” гэж хэлжээ.

Их Британийн тэнгисийн ослыг мөрдөн байцаах алба дөрвөн байцаагчаа Сицилийн Палермо хотод ажиллуулж буйгаа мэдэгдсэн байна.

How sinking of luxury yacht off Sicily unfolded

“Bayesian” тансаг зэрэглэлийн дарвуулт завь зургаан люкс өрөөнд 12 хүртэл зочин хүлээн авах боломжтой бөгөөд долоо хоногт 195,000 (166,000 фунт) хүртэлх еврогоор түрээслэдэг аж. Түүнийг 2008 онд Италийн “Perini Navi” компани хийжээ.

Даваа гаригт гарсан өөр нэгэн мэдээгээр, Линчийн хамт шүүгдсэн, “Autonomy”-ийн Санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч Стивен Чемберлен Кембриджшир хотод гүйж яваад, машинд дайруулж нас барсан аж. Чемберлений өмгөөлөгч Гэри Линсенберг ч энэ мэдээг баталжээ.

Тэрбээр “Тэр хосгүй шударга зантай, зоригтой хүн байсан тул бид түүнийг маш их  үгүйлж, санан дурсах болно. Тэрбээр нэр төрөө цэвэрлэхийн төлөө хангалттай сайн тэмцсэн” гэж хэлсэн байна.

Усан хуй салхи гарч, завь живэх үед ойролцоо байсан Нидерландын далбаатай усан онгоц ирж тусалжээ.

Газар дундын тэнгисийн баруун хагаст өнгөрсөн долоо хоногоос хойш хуй салхи дэгдэж, Ням гаргаас Даваа гарагт шилжих шөнө Сицилийн хойд эрэгт цаг агаар эрс муудсан байна.

Эх сурвалж: THE GUARDIAN, BBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу