УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу шинэ гишүүддээ “засаглалын зарчмыг унагааж хаях ажил”-ын хэрэгсэл болохгүй байхыг уриаллаа. 

Тэрбээр “Шинээр сонгогдсон Засгийн газар, парламент, шинэ гишүүд бид нэг зүйлийг анхаарахгүй бол болохгүй байна. Шинээр сонгогдсон гишүүд засаглалынхаа зарчмыг нурааж хаях ажлын хэрэгсэл болоод байна.

Засгийн газраас яаралтайгаар хэлэлцүүлье гэж оруулж ирж байгаа бүх ажиллагаа бол ерөөсөө шинэ дээр нь л гялалзуулъя гэж байгаа юм. Гялалзуулахдаа юу хийж байна вэ гэхээр, өнгөрсөн парламентаар амжаагүй, амжаагүй ч гэж дээ хийгээгүй ажлаа гүйцээхийн тулд Их хурлын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байна.

Хүсэж байгаа төсвөө батлуулахын тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа дахиад арван хэд дэхээ өөрчилж оруулж ирж байгаа юм. Ажил хийх нэрийдлээр, нээлттэй сонгон шалгаруулалтыг байхгүй болгоод байна.

Үндсэндээ бид энэ том том зарчмын юмнуудыг нурааж унагах дээр ялангуяа шинээр сонгогдсон гишүүд маань “хэрэгсэл” болоод байна гэдгээ өөрсдөө ойлгоод, нам намынхаа бүлэг дээр асуудлуудаа хэлээд, өөрсдийнхөө саналыг илэрхийлээд, Засгийн газраас оруулж ирсэн саналууд дээр өөрсдийнхөө саналуудыг нэмээд, болиулах, буцаах, шаардлага хүргүүлэх бүрэн эрхтэй шүү дээ.

Бид ажлын садаа болох гэж бус, ажлыг сайн хийх гэж орж ирсэн болохоос, ямар дөрвөн жил гишүүн байж үзэх гэж орж ирж байгаа биш. Шинэ гишүүддээ энэ дээр анхаараач ээ гэж уриалж байгаа юм” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу