Үндэсний аудитын газар төсвийн тодотголын төсөлд хийсэн дүгнэлтдээ Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн 680.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 14 төсөл арга хэмжээ нь Монгол Улсын Их хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг, Монгол Улсын Их хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдсан байна гэж бичжээ.

Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2024 оны өтсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн аудитын дүгнэлтийн хоёр дахь цувралыг хүргэж байна.

Монгол Улсын Их хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан

4.2 “Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгоно” зорилтын хүрээнд 1,

5.3” Хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлнэ” зорилтын хүрээнд 1,

8.1 ”Бүс нутгийн эдийн засгийн интеграцад дэд бүтцийн нэгдсэн сүлжээгээр бүрэн холбогдож, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах суурь нөхцөлийг бүрдүүлнэ” зорилтын хүрээнд 1,

9.3 “Орон зайн оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой, эрчимтэй хөгжиж байгаа дагуул хотуудтай олон улсад өрсөлдөгч метрополитан болж хөгжинө” зорилтын хүрээнд 7,

9.5 “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлнэ” гэсэн зорилтын хүрээнд 2 төсөл арга хэмжээг тус тус төлөвлөжээ.

ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ТӨСӨЛД ӨРГӨН БАРЬСАН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГ, НИЙГМИЙН АЧ ХОЛБОГДЛЫН БОЛОН ТӨСӨВТ ӨРТГИЙН ТООЦООЛОЛ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Төсвийн тодотголоор 10.0 тэрбум төгрөгөөс 676.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий нийт 960.6 тэрбум төгрөгийн 9 шинэ төсөл, арга хэмжээг 384.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

Төсвийн ерөнхийлөн захирагчдаас төсвийн төсөлд тусгуулахаар хөрөнгө оруулалтын санал ирүүлэхдээ төсөл, арга хэмжээг аймаг, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулсан эсэх тодорхойгүй, техник эдийн засгийн үзүүлэлт, зураг төслийн төсөвт өртгийг урьдчилсан судалгаанд үндэслэн төлөвлөсөн байдал хангалтгүй байна.

Шинээр хэрэгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах 9 төсөл, арга хэмжээг 2024 онд хэрэгжүүлж дуусахаар төлөвлөсөн боловч урьдчилсан судалгаа бүрэн хийгдээгүй байгаа нь төсөл, арга хэмжээ хугацаандаа хэрэгжихгүй байх, төлөвлөсөн санхүүжилтийн эх үүсвэрийг ашиглах боломжгүй болох эрсдэлтэй байна.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд тусгаж баталсан 5 төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг 70.6 тэрбум төгрөгөөр, санхүүжих дүнг 89.7 тэрбум төгрөгөөр нэмж төлөвлөсөн байна.

УЛСЫН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ БАГЦЫН
ЗАДАРГААГ ТОДОРХОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлсэн саналыг үндэслэн нийт 463.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 8, Үндэсний аюулгүй байдлын саналыг үндэслэн 40.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 төсөл арга хэмжээг төлөвлөсөн байна.

УИХ-ын 2024 оны 40 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт “Засгийн газрын байгууллагуудын
нэгдсэн байрын цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг холбогдох дэд бүтэц, Их тэнгэрийн болон Номтын амны ерөнхий төлөвлөлттэй нягт уялдуулсан цогц төсөл байхаар төлөвлөж, барилга угсралтын ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу Тагнуулын ерөнхий газарт хариуцуулан хэрэгжүүлэх” гэж заасан боловч Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын багцад төлөвлөсөн байна.

Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын багцын “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, харьяа байгууллагуудын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/”, Зам тээврийн сайдын багцын “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв”/, “Улаанбаатар хотын “Шинэ их тойруу” хурдны зам төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв” төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх үндэслэл шаардлагыг нарийвчлан тодорхойлоогүй байна.

Монгол Улсын Шадар сайдын багцын “Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улсын хэмжээнд/”, Монгол Улсын сайд, 20 минутын хот үндэсний хорооны даргын багцын “20 минутын хотын бүтээн байгуулалтын төслүүдийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улаанбаатар/” төсөл, арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг нарийвчлан тодорхойлох шаардлагатай байна.

ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ БОЛОВСРУУЛАХ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛД ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Монгол Улсын сайд, 20 минутын хот үндэсний хорооны даргын багцын “Бүтээн байгуулалтын төслүүдийн нэгдсэн менежментийн зөвлөх үйлчилгээ /Улаанбаатар/” төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байна.

Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх “техник, эдийн засгийн үндэслэл” боловсруулах ажлын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, зарцуулах зардал, төсвийг тооцож төлөвлөхөд баримтлах жишиг үнэ, ажлын даалгавар боловсруулахад тавигдах шаардлага, хүлээн авахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байна.

НИЙСЛЭЛИЙН ҮНЭТ ЦААСНЫ ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨСӨВЛӨЛТИЙН ШААРДЛАГЫГ ХАНГУУЛЖ, ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Нийслэлийн ИТХ-ын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Нийслэлийн дотоод үнэт цаас гаргахыг дэмжих тухай” 48 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны бодлогын баримт бичигт туссан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор Нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргаж арилжаалахыг дэмжсэн байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай” 201 дугаар тогтоолоор 500.0 хүртэлх тэрбум төгрөгийн нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргахыг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрсөн ба тус үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталсан байна.

Мөн Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай” 264 дугаар тогтоолоор 500.0 хүртэлх тэрбум төгрөгийн нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргахыг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрч, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсан ба зах зээлд санал болгох бэлтгэл ажил хийгдэж байна.

Нийслэлийн ИТХ-ын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хурлын 88 дугаар тогтоолоор Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 2024 оны төсвийн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд 2,638.2 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталсан байна.

Нийслэлийн дотоод үнэт цаасны хөрөнгөөр хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний зураг төсөл боловсруулах шатанд буюу магадлалаар бүрэн баталгаажаагүй байгаа нь тайлант онд санхүүжилтийг бүрэн ашиглахгүй байх, төсөвт өртөг нэмэгдэх, төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэх боломжгүй болох сөрөг үр дагаврыг бий болгож байгаад анхаарч ажиллах шаардлагатай байна. Үүнд:

• Ариутгах Бохир усны Туул-1 коллекторын байгууламжийн ажил /Улаанбаатар хот/,
• Үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламж /Улаанбаатар хот/ байна. Нийслэлийн дотоод үнэт цаасны хөрөнгөөр 5 төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд нийт 312.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

“Нийслэлийн хөгжлийн сан хувийн ХОС ТЗК” ХХК-ийн нэгж эрхийн хөрөнгө оруулалтад 300.0 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд 2,388.2 тэрбум төгрөгийг төлөвлөсөн ба сангийн нэгж эрхийг худалдан авч Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулах зорилгоор 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн хөгжлийн сан хувийн хос” ХХК-тай 300.0 тэрбум төгрөгийн үнэ бүхий нэгж эрх худалдаж, худалдан авах гэрээг байгуулсан байна.

Өрийн удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “Засгийн газрын зээллэгийн хөрөнгө, өрийн баталгааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах талаар шаардлагатай арга хэмжээг авах” Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг хэрэгжүүлж Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах шаардлагатай байна.

МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ТЭНЦЭЛ:

Тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 28,872.5 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 30,487.9 тэрбум төгрөг, нийт гадаад зээл 2,209.0 тэрбум төгрөг, орон нутгийн үнэт цаас 1,009.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1,603.5 тэрбум төгрөгийн ашигтай, тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон төсвийн тэнцэл 1,615.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөсөн байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д “Нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухай жилийн ДНБ-ний 2 хувь буюу түүнээс дээш хувийн ашигтай байх” гэж заасан төсвийн төлөвлөлтийн шаардлагыг хангасан байна.

МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ТӨСВИЙН ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭХ ҮҮСВЭР:

Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдэл 2024 оны хагас жилийн байдлаар 30,339.6 тэрбум төгрөг, 2024 оны жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэл 35,392.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 44.7 хувьд хүрэх төлөвтэй байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-д оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын өрийг өнөөгийн үнэ цэнээр тооцдог байсныг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа нэрлэсэн дүнгээр тооцдог болгон өөрчлөх саналыг тусгасан байна.

Монгол улсын 2024 оны төсвийн тухай хуульд гадаад зээлээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээг 1,225.0 тэрбум төгрөгөөр баталсан боловч тодотголоор хөрөнгийн зардалд 740.0 тэрбум төгрөг, урсгал зардалд 54.0 тэрбум, эргэн төлөгдөх нөхцөлтэй дамжуулан зээлд 190.0 тэрбум төгрөг, нийт 984.0 тэрбум төгрөгийн 11 арга хэмжээг гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр нэмж төлөвлөсөн байна.

ДҮГНЭЛТ

Монгол улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс болон аудитын дүнд үндэслэн дараах дүгнэлт
гаргаж байна. Үүнд:

1. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдэн батлагдаж, зарим яамдын эрхлэх асуудал, чиг үүрэгт өөрчлөлт орсонтой холбоотойгоор шинэ бүтцийг дагалдуулан хэрэгжүүлэх чиг үүргийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хооронд хөтөлбөр, арга хэмжээг шилжүүлж, төсөвт зохицуулалт хийсэн байна.

2. Цаашид дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулахгүй байх, төсвийн тусгай шаардлагыг дунд, урт хугацаанд тогтвортой байдлыг хадгалж, дагаж мөрдөх нь төсвийн тогтвортой байдлыг бэхжүүлэх суурь нөхцөл болно.

3. Шинэчилсэн төсвийн тусгай шаардлагын нөлөөгөөр хөрөнгийн зардал дунд хугацаанд нэмэгдэхээр байгаа нь эдгээр хөрөнгө оруулалтуудтай холбоотой урсгал зардлыг өсгөх нөлөөтэй байна. Иймд нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх тусгай шаардлагыг хангах үүднээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийг чанд мөрдөн, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих шаардлагатай байна.

4. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны бусад хөгжлийн бодлогод нийцсэн, нотолгоо-үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлт, арга барилыг сайжруулж, урсгал болон хөрөнгө оруулалтын төсөвлөлтийн үйл явцыг бүрэн уялдуулах шаардлагатай байна.

5. Хөгжлийн төслүүдийг нийгэм, эдийн засгийн үр ашгийн тооцоолол, судалгаанд үндэслэн сонгон шалгаруулж, Улсын Их Хурлаар батлуулах, эдгээр хөгжлийн төслүүдийг эдийн засагт хэт халалт үүсгэх, импортыг эрс нэмэгдүүлэх эрсдэлийг тооцож, төсөв, санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх замаар өндөр инфляц, өрхийн бодит орлого, амьжиргаанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах шаардлагатай байна.

6. Төсвийн тодотголоор нийт 960.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 9 шинэ төсөл, арга хэмжээг 384.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж, 5 төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг 89.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

7. Шинээр хэрэгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлуудыг 2024 онд хэрэгжүүлж дуусахаар төлөвлөж, санхүүжүүлэх дүнг тусгасан ба төсөл хэрэгжүүлэх боломжит хугацааны хувьд төлөвлөсөн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрэн ашиглах боломжгүй болох эрсдэлтэй байна гэжээ.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу