УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өчигдөр (2024.08.20)-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой гомдлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч. Лодойсамбуу энэхүү асуудалтай холбогдуулан байнгын хорооны даргын байгуулсан Ажлын хэсгийн хуралдааны дүгнэлтийг танилцуулсан байна.

УИХ-ын гишүүн М. Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн, байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар сануулах арга хэмжээ авахаар болжээ.

Сануулахад, УИХ-ын Тамгын газраас М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцуулах хүсэлтийг УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд гаргасан. Ингэхдээ “2024 оны наймдугаар 18-ны өдөр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь олон нийтийн сүлжээнд өөрийн цахим хуудсаар шууд дамжуулалт хийж бараа сурталчилсан. Энэ нь гишүүний үүрэгт ажилд хамаарахгүй ажил эрхэлж, ёс зүйн хэмжээг зөрчсөн үйлдэл хэмээн олон нийтийн зүгээс шүүмжилж байна. 

Түүнчлэн М.Нарантуяа-Нара УИХ-ын гишүүний тангараг өргөснөөсөө хойш удаа дараа шууд дамжуулалт хийн, бараа сурталчилсан. 

Мөн УИХ-ын гишүүн албаны болон хувийн журмаар гадаад улс руу явахдаа ажлын таваас доошгүй өдрийн өмнө УИХ-д даргад мэдэгдэнэ гэдэг журмыг зөрчиж, ямар нэгэн хүсэлт гаргалгүйгээр БНХАУ-д зорчиж, олон нийтийн сүлжээн дэх хаягаар сурталчилгаа явуулсан. Улмаар наймдугаар сарын 16, 19-ний өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй” гэх мэт шалтгаануудыг дурдсан билээ.

Х.ТҮШИГ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу