Засгийн газрын өнөөдрийн (2024.08.21) хуралдаанаар хэлэлцэж, гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна. 

Шадар сайд Т.Доржханд “Өнөөдрийн хуралдаанаар маш чухал нэг асуудлыг хэлэлцлээ. Энэ бол эрчим хүчний салбарын реформ. Маш олон иргэн хүлээлттэй байгаа. Яагаад хамтарсан Засгийн газар байгуулсан юм бэ, том төслүүдээ дорвитой хэрэгжүүлж чадах юм уу. Реформууд хийж чадах уу гэдэг асуудалд өнөөдрийн хурал хариулт өглөө.

Бид реформоо эрчим хүчний салбараас эхлэхээр санал нэгдлээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд яамдын үйл ажиллагааг уялдуулах үндэсний хороо гэж бий. Үүн дотор анхныхаа Дэд хороог байгууллаа. Эл дэд хороо эрчим хүчний шинэчлэл хийх, мега төслүүдийг хөдөлгөх, үнэ тарифын өөрчлөлт хийх гэсэн агуулгаар байгуулагдлаа.

Дэд хорооны бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүнээс гадна УИХ-д суугаа МАН, АН, ХҮН намын төлөөллүүд, мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд орж ажиллахаар боллоо.

Бид реформ хийх бодлогоо урт хугацаанд төлөвлөж байна. 

Монгол Улсын нийт эдийн засгийн 70-80 хувь уул уурхайгаас хамааралтай байдаг. Дараагийн салбар нь эрчим хүчний салбар байх болно. Монгол Улсын эрчим хүчний нөөц маш их. Бид маш том газар нутагтай. Газар доорх эрчим хүчний эх үүсвэр ихтэй, газар дээрх нар, салхи гэх мэт байгалийн ногоон эрчим хүчний нөөц ч хангалттай бий. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улс эрчим хүч экспортлогч улс байж чадна. Бид бодлогоо энэ чиглэл рүү урт хугацаандаа уялдуулж харж байна. 

Харин дунд хугацаанд бол энэ салбарын реформыг зоригтой хийнэ. Тодруулбал, 

Төрийн өмчийн компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ. Төрөөс  монополь, зах зээлд шилжиж чадаагүй энэ салбарыг зах зээлжүүлж, үр ашгийг нь сайжруулна. Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг нээлттэй, олон нийтийн болгож, хөрөнгө оруулалт бий болгоно.

Үнэ тарифын шилжилт хийж, эхний ээлжинд алдагдалгүй байх хэмжээнд хүргэнэ. Дараа нь зах зээлийнх нь зарчим руу оруулна. Ингээд үр дүнд нь нийлүүлэлт өснө. Нийлүүлэлт өссөнөөр эргээд үнэ буурна. 

Монгол Улс 2023 оны гүйцэтгэлээр 10.9 тэрбум киловатт цагийн цахилгаан эрчим хүч боловсруулсан. Үүнээс 9.9 тэрбум киловаттыг нь түгээж, нийт түгээсэн цахилгаан эрчим хүчний 77.7 хувийг дотоодоосоо нийлүүлсэн байна. Харин 22.3 хувийг гаднаас импортолсны 60 хувийг нь БНХАУ-аас, 40 хувийг нь ОХУ-аас импортолдог. Эрчим хүч гаднаас хамааралтай байдал 34 жил үргэлжилж байна.

Цаашдаа эдийн засгаа тогтвортой байлгаж, хараат бус байя гэвэл эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох ёстой. Тэгэхээр санхүүжилтийн асуудал гарч ирнэ. Нүүрсний цахилгаан станцуудыг санхүүжүүлэхгүй гэдэг дэлхий нийтийн хандлага бий. Харин эсрэгээрээ ногоон эрчим хүч, ногоон эх үүсвэрүүдийг санхүүжүүлэхэд бэлэн байна гэж байгаа учраас олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчидтай уулзана.

Иргэд “Яагаад хамтарсан Засгийн газар байгуулсан юм бэ” гэдэг асуулттай байгаа. Хариулт нь эндээс эхэлж байна” хэмээн хэллээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

           

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу