Засгийн газрын өнөөдөр (2024.08.21)-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр хичээлийн шинэ жилийн нээлтийн талаар мэдээлэл хүргэлээ. 

Тэрбээр “Энэ жилийн есдүгээр сарын 1-ний өдөр Ням гарагт тохиож байна. Энэ өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийг багш суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад хүндрэл чирэгдэлгүйгээр, нээлттэй, уян хатан, нүсэр бус, төсөр байдлаар зохион байгуулах зөвлөмж, чиглэлийг цэцэрлэг, сургууль, насан туршийн суралцахуйн төвүүдэд хүргүүлээд байна. 

Төрийн гурван өндөрлөгөөс авахуулаад сайд миний бие ч гэсэн энэ олон сургууль, цэцэрлэг дундаас аль нэгийг нь онилж, очихгүйгээр мэндчилгээ дэвшүүлнэ. Энэ баяр бол эцэг эх, багш, суралцагчдын баяр байх ёстой. Тиймээс олон том дарга очиж, хүндрэл учруулахгүй. 

Есдүгээр сарын 2-нд мэргэжлийн боловсролын сургуулиуд нээлтээ хийгээд, шууд хичээлдээ жигдрээд явна.

Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр мэндчилгээ, цахим контентыг сургуулиудад илгээдэг. Энэ жилийн сэдэв нь “Монгол Улсын Үндсэн хууль” гэсэн сэдэвтэй байна” хэмээн хэллээ. 

                     

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу