Японы хамгийн их ачаалалтай нисэх онгоцны буудлуудын нэг саяхан хайч алга болсны улмаас үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоожээ.

Хоккайдо арлын хойд хэсэгт орших Саппоро хотын Шинэ Читосе нисэх онгоцны буудал (CTS)-ын аюулгүй байдлын ажилтнууд хэдэн цагийн турш дотоодын нислэгийн хүлээлгийн танхимд ашиглаж байсан хайчны эрэлд гарсан байна.

Нисэх онгоцны буудлаас “Наймдугаар сарын 17-ны өдөр нийт 36 нислэг цуцлагдаж, эрэн хайх ажиллагааны улмаас 201 нислэг хойшилсон. “Алан хядагчид хайчыг авч, онгоцонд зэвсэг болгон ашиглаж магадгүй” гэсэн болгоомжлол байсан. Эцэст нь, хайч олдсон бөгөөд нислэгээ үргэлжлүүлэх боломжтой болсон” гэж мэдээлжээ.

Японы Хоккайдо дахь Шинэ Читосе нисэх онгоцны буудлын агаараас авсан зураг. Kyodo News/Getty Images

Шинэ Читосе нисэх онгоцны буудлын операторууд “Бид энэ хэргийг сайтар шалгаж, шалтгааныг тогтоож, дахин давтагдахаас сэргийлэх болно. Мөн бид энэ хэрэг явдал нь онгоц барьцаалах, террорист халдлагатай холбоотой болохыг дахин нотлох бөгөөд нисэх буудлын бүх ажилтан менежментийн ач холбогдлыг бүрэн ухамсарлах болно” гэж хэлжээ.

Аюулгүй байдлын асуудлын улмаас саатсан хүмүүсийн дунд Японы “9mm Parabellum Bullet” рок хамтлагийнхан байсан бөгөөд нислэг хойшлогдсоны улмаас Хоккайдод жил бүр болдог “Rising Sun” хөгжмийн наадамд оролцох боломжгүйд хүрсэн байна.

Тус хамтлаг дээрх арга хэмжээний цахим хуудаст, наадмын зохион байгуулагчид тасалбарыг буцаан олгох боломжгүйгээ мэдэгдсэн талаар бичээд, “Бид өшөөгөө авах нь гарцаагүй” гэж бичжээ.

Олон хүн онлайнаар бухимдлаа тайлсан байна. X дээр нэгэн нисэгч “Хэн нэгэн хайч алдсаны улмаас миний нислэг цуцлагдсан тул уйлмаар байна” гэж бичжээ.

Өөр нэг хүн “Энэ явдлаас болж миний явах нислэг цуцлагдаж, тэсэн ядан хүлээсэн гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, хамт байх хугацаа маань богинослоо. Маш их урам хугарлаа” гэж бичсэн байна.

Гэсэн хэдий ч бусад хүмүүс онгоцны буудал “хайч хулгайлж авч явсан байж болзошгүй асуудал”-ыг нухацтай авч үзсэнд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Х-д нэгэн хэрэглэгч “Зорчигчийн хувьд би аюулгүй байдлыг хангах үүднээс ийм нарийн арга хэмжээ авч байгаад талархаж байна” гэж жиргэсэн байна.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу