Германы дэд канцлер, Эдийн засгийн сайд Роберт Хабек “Funke”-д өгсөн ярилцлагадаа “Хэрэв Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, тус улс Украинд цэргийн тусламж үзүүлэхээ зогсоовол Герман Киевийг дэмжсэн хэвээр байх болно” гэж мэдэгджээ.

Хабек “Хэрвээ Трамп удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд ялвал АНУ-ын үзүүлж буй тусламж зогсож болзошгүй тул түүнийг Герман нөхөхийг оролдох уу” гэсэн асуултад “Тийм ээ, энэ тохиолдолд бид Украиныг ганцааранг нь орхихгүй” гэж хариулсан байна.

Дэд канцлер “Америкийн тусламжгүйгээр Украин үнэхээр ямар нэг зүйлээр дутах боловч энэ нь үлдсэн холбоотнуудтайгаа илүү нягт хамтран ажиллахад түлхэц болно” гэж хэлжээ.

Үүний зэрэгцээ тэрбээр ХБНГУ-ын Засгийн газраас Киевт үзүүлэх тусламжийг хязгаарласан тухай “цуурхал”-д тайлбар өгөхдөө “Украиныг дэмжих амлалтад ямар ч ‘гэхдээ болон хэрэв’ байхгүй” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн долоо хоногт “Герман Украинд үзүүлэх цэргийн тусламжаа багасгахаас өөр аргагүйд хүрсэн. Германы Засгийн газрын одоогийн төсвийн төлөвлөлтийн дагуу эдгээрт зориулж шинэ хөрөнгө хуваарилаагүй байна” гэж мэдээлжээ.

Мөн “ХБНГУ-ын Канцлерийн тушаалын дагуу хэдийнэ батлагдсан хүргэлтүүд хийгдэх боловч Германы Батлан ​​хамгаалах яамны нэмэлт хүсэлтийг цаашид батлах шаардлагагүй” гэж тодотгосон байна.

Германы канцлер Олаф Шольц “Герман улс Украинд хамгийн том тусламж үзүүлж буй Европын орон хэвээр байх болно” гэж баталжээ.

ОХУ “Украинд зэвсэг нийлүүлж байгаа нь асуудлыг зохицуулахад саад болж, НАТО-гийн орнуудыг мөргөлдөөнд шууд татан оролцуулж, “галаар тоглож байна” гэж үзэж буй.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Украинд өгөх зэвсэг агуулсан аливаа ачаа Оросын хууль ёсны бай болно” гэж тэмдэглэсэн. Түүний хэлснээр, АНУ болон НАТО мөргөлдөөнд шууд оролцож байгаа бөгөөд үүнд зөвхөн зэвсэг нийлүүлэхийн зэрэгцээ Их Британи, Герман, Итали болон бусад улс орнуудад боловсон хүчнийг сургаж байгаа аж.

Кремль “Украинд барууны орнуудаас зэвсэг нийлүүлэх нь хэлэлцээрт нэмэр болохгүй бөгөөд сөрөг үр дагавартай” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу