Монголын улс төрд гэрлийн хурдаар дэвшиж яваа улстөрчдийн нэг нь Болдын Жавхлан. Ардчилсан нам засаглаж байсан жилүүдэд МАН нэг жил хамтрахад Монголбанкны Дэд ерөнхийлөгч хийж, МАН засгаас гарахад тус намаас ганц хүн ажилтайгаа үлдсэн нь Б.Жавхлан байв. АН-ын он жилүүдэд МАН-ын хүн Төвбанкинд ажиллаж байгаад 2016 оны Их хурлын сонгуультай золгосон.

Түүний хувьд Дарханд Д.Хаянхярвааг бараадаж, баруун бөөрөнд нь наалдаж гүйсээр парламентын гишүүн болоод авсан. 2020 оны сонгуульд дахин Дарханаас сонгогдож Сангийн сайдын сэнтийд тухлаад байна. Монгол Улсын төсөв санхүүтэй холбоотой бүх зүйлийг баруун, зүүн гараараа зохицуулж ирлээ.

Б.Жавхлан МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хүн. Генсекийн дэмжлэгтэйгээр тэр өнөөдрийн өндөрлөгт хүрчихээд байгаа юм. Б.Жавхлан Дарханых гэдгийг хүн бүр мэдэх болсон. Улаанбаатар төмөр замын Тээвэр зохицуулалтын газрын орлогч дарга С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг илэрч, иргэд олон нийт ажил алба эрхлээд удаагүй, ямар нэг бизнесгүй хурган даргын гэрээс олон тэрбум төгрөг гарч ирж баахан шуугив. С.Батдөл мөн л Дарханых. Тэдний хооронд харилцан хамаарал бий гэдгийг учир мэдэх хүмүүс ярих юм билээ. Сонгуульд нь сайн гүйсэн С.Батдөл дүүгээ тэр Дархан зангилаанаас УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын газрын орлогч болтол нь татаж чадсан гэдэг. Д.Жигжиднямаа агсныг УБТЗ-ын даргаар ажиллаж байхад Б.Жавхлан С.Батдөлийг ажилд авахыг шахсан боловч тэр ажилд аваагүй ч АМГТГ-ын даргаас УБТЗ-ын даргаар очсон Х.Хэрлэнгийн үед түүнийг томилуулсан талаар салбарынхан нь бүхэлдээ ярьж байна. УБТЗ-д улстөрчид өөрсдийн хүнээ байршуулдаг ч ийм хэмжээний “хулгайч” хэзээ ч ирж байгаагүй гэцгээх болов. Б.Жавхлан ч улс төрд маш хурдан дээш өгсөж, тэр хэрээр С.Батдөлийн ажил амжилттай урагшилж, хэтэвч нь зузаарч эхэлсэн гэнэ.

С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг валют хэлбэрээр хураагдан, саатуулагдсан цагаас хойш Б.Жавхлан хүмүүстэй юм ярихаа больж, Засгийн хурал дээр ч бүлх залгисан мэт байх болсон талаар танхимын гишүүд нь шивэр авир хийх болов. Маш том зангилааны үзүүрт Б.Жавхлан байгаа юм биш биз гэх хардлага ч нийгэм даяар нэлээд газар авсан.

Б.Жавхлан үүрэгдэж, Х.Хэрлэнгийн томилсоноор С.Батдөл Дархан зангилаанаас “Улаанбаатар” төмөр замын Удирдахын хөдөлгөөн хариуцсан албаны даргаар ирсэн даруйд Чойр, Мааньт өртөөнөөс нүүрс тээврийг зохион байгуулж ирсэн гэх мэдээлэл байгаа юм. Сангийн сайдын хамаарал бүхий байгууллагын удирдах албан тушаалтан БНХАУ-ын эдийн засгийн тусгай бүс Хонгконгт оффшор “Вагон Импекс” компани байгуулсан гэх мэдээлэл гарав. Тус оффшороор дамжуулан 250 ширхэг тавцан вагон оруулж ирэх зөвшөөрлийг УБТЗ-ын дарга Х.Хэрлэн өгсөн гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Тус вагон нь 250 опентоп тавцан вагон нь нэг сард тус бүр 4-5 удаа эргэдэг гэхээр С.Батдөлийн гэрээс олдсон мөнгө хэнийх вэ гэдэг нь бараг тодорхой болж байгаа биз. Үүнийг хуулийн байгууллагынхан нягталж шалгах ёстой.

Цар тахал, хилийн хоригтой хүнд үеийг мөнгө болгож чадсан нь С.Батдөл. Цаашлаад Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар БНХАУ-руу нүүрс гаргах төлөвлөгөө боловсруулаад байсан гэх. Ингэхдээ өөрийн хамаарал бүхий этгээд болох Зуунайн Бат-Үнэнгийн эзэмшил газарт Харцэхэрийн Энхжаргалын нэр дээр “Чинзасагт” компани байгуулан, Замын-Үүд өртөөний сэлгээний замыг 1.2 километрээр өргөтгөн, түүнээсээ хоёр километр орчим салаалсан зам барьж, өөрсдийн гэсэн нүүрс ачиж буулгах талбайг байгуулсан байна. Нийт 3.5 километр төмөр замын үнэлгээ нэг километр тутамд хоёр сая ам.доллар гэж үзвэл нийт үнэ нь долоон сая ам.доллар орчим болно. Энэхүү зам нь аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчин баригдсан талаар Замын-Үүдийнхэн ярьж байна. Ингэхдээ 50 гаруй тусгай зөвшөөрөл лиценз, зураг төслийг зөрчсөн гэх мэдээлэл бий. Энэ мэтчилэн төмөр зам дагасан түүний суваг улам гүнзгийрч байгаад С.Батдөлөөс хойш зогсонги байдалд орсон талаар эх сурвалж хэлсэн юм.

С.Батдөлийн гэрээс хураагдсан 7.3 тэрбум төгрөгөөр вагон нэмж авахаар зэхэж байсан гэнэ. С.Батдөл өөрийгөө аварч гарахын тулд ахыгаа матах уу, өөрөө бүх зүйлээ үүрээд гарах уу гэдэг сонин байна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

1 сэтгэгдэл

  1. Ундармаатай нийлж ЖДҮ ийн хуулийг будлиантуул ан гэж олон түмэн ярилцдаг шүү

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу