Холбооны мөрдөх товчоо энэ сарын эхээр Оросын төрийн хэвлэлүүдтэй холбоотой, НҮБ-ын зэвсгийн байцаагч асан болон Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампын 2016 оны сонгуулийн кампанит ажлын зөвлөх гэсэн хоёр америк иргэний гэрт нэгжлэг хийжээ.

АНУ саяхан “ОХУ-ын Засгийн газар ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг оролдож байна” гэж анхааруулсны дараа ийм алхам хийсэн байна.

Нью-Йоркийн Делмар хот дахь нэгэн байшин НҮБ-ын зэвсгийн байцаагч асан, АНУ-ын гадаад бодлогыг шүүмжлэгч Скотт Риттертэй, Виржиниа дахь өөр нэг байшин Трампын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны кампанит ажлын зөвлөх Димитри К.Саймстай тус тус холбоотой байжээ.

Холбооны мөрдөх товчоо Лхагва гарагт хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан, нэгжлэгтэй холбоотой мэдээллийн талаар асуухад “Шүүхийн зөвшөөрөлтэйгөөр тодорхой газруудад хууль сахиулах үйл ажиллагаа явуулсан” гэж мэдэгдсэн аж.

АНУ-ын тагнуулын алба “АНУ-ын сонгуульд ОХУ-ын аюул заналхийлсэн хэвээр байгаа бөгөөд Москва нэр дэвшигчдийн аль нэгийг дэмжиж, хагарал үүсгэхийн тулд цогц арга хэрэгсэл ашиглаж байна” гэж мэдэгджээ. Гэвч ОХУ энэхүү мэдээллийг үгүйсгэж байгаа аж.

“Нью Йорк Таймс” сонин Лхагва гарагт АНУ-ын албаны хүмүүсийн мэдээллээс иш татан, “АНУ-ын Хууль зүйн яам Оросын төрийн телевизийн сувагтай хамтран ажиллаж байсан америкчуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн” гэж мэдээлжээ. Холбооны мөрдөх товчоо энэ талаар нэмэлт тайлбар хийгээгүй байгаа аж.

“Times” сонин “Удахгүй дахин нэгжлэг хийх төлөвтэй байгаа бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой” гэж нэрээ нууцалсан албан тушаалтнуудын мэдээллээс иш татан мэдээлжээ. Прокуроруудын хувьд Симс, Риттер нарыг буруутгаж буй талаар зарлаагүй байна.

Оросын төрийн мэдлийн “Нэгдүгээр суваг” телевизийн долоо хоног тутмын ток шоуг хөтөлдөг Саймс “Холбооны мөрдөх товчооны шалгалт нь намайг айлгах, нэр хүндийг минь гутаах, сэтгэлээр унагаах гэсэн оролдлого бөгөөд АНУ-д амьдрах, тэр байтугай АНУ-д зочлох, миний санхүүгийн байдалд хохирол учруулах эрсдэлтэй” гэж төрийн өмчийн мэдээллийн өөр нэг хэрэгсэл болох “Спутник”-т ярьжээ.

2011 онд тангарагтны шүүхээс насанд хүрээгүй хүүхдүүдтэй цахимаар бэлгийн харьцаанд орсон хэргээр шүүхээс ял сонссон Риттер хэлэхдээ “Холбооны мөрдөх товчоо түүний гэрт нэгжлэг хийсэн нь АНУ-ын Засгийн газар Гадаадын төлөөлөгчдийг бүртгэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаатай холбоотой” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу