Израилийн Цэргийн тагнуулын газрын ажлаа хүлээлгэн өгч буй дарга өнгөрсөн Лхагва гаригт огцрохдоо аравдугаар сарын 7-нд хилээ хамгаалж чадаагүй хариуцлагаа хүлээжээ.

Израилийн зэвсэгт хүчинд 38 жил ажилласан, ахмад дайчин, хошууч генерал Аарон Халива өнгөрсөн дөрөвдүгээр сард огцрохоо зарласан байна. Тэрбээр “Израилийн түүхэн дэх хамгийн аймшигтай халдлагыг урьдчилан харж, урьдчилан сэргийлж чадаагүй” гэж мэдэгдсэн Израилийн хэд хэдэн командлагчдын нэг аж.

Халива Лхагва гарагт ажлаа хүлээлгэн өгөхдөө “Тагнуулын корпус бүтэлгүйтсэн нь миний буруу” гэж хэлээд, Израиль, ХАМАС хоёрын хооронд дайн дэгдэхэд хүргэсэн шалтгааныг “судлах”, “гүн ойлгох” зорилгоор үндэсний мөрдөн байцаалт явуулахыг уриалжээ.

Өмнө нь Палестины ХАМАС зэрэг зэвсэгт бүлэглэлүүд дийлдэхгүй байсан ч өнгөрсөн аравдугаар сарын 7-ны халдлага нь Израилийн зэвсэгт хүчин болон тагнуулын албаны нэр хүндийг гутаасан байна.

Аравдугаар сарын 7-ны өглөө үүрээр пуужингийн хүчтэй цохилт өгсний дараа ХАМАС болон бусад бүлэглэлийн олон мянган дайчин Газын зурвасыг тойрсон хамгаалалтын хаалтыг нэвтлэн, Израилийн цэргүүдийг гайхашруулж, Израилийн өмнөд нутгийн иргэд рүү халджээ.

Израилийн тал “Халдлагад 1200 израиль болон гадаадын иргэн амиа алдсаны ихэнх нь энгийн иргэн байсан бөгөөд 250 орчим нь Газын зурваст олзлогдсон” гэж мэдээлсэн байна. Барьцаалагдсан 109 хүн Газад байгаа бөгөөд тэдний гуравны нэг орчим нь нас барсан гэж таамаглаж буй ажээ.

Израилийн Зэвсэгт хүчний дарга, дэслэгч генерал Херзи Халеви, дотоодын тагнуулын газрын дарга Шин Бет, Ронен Бар нар уг халдлагын дараа хариуцлагаа хүлээсэн бөгөөд Газын зурваст дайн үргэлжилсэн хэвээр байгаа байна.

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу