Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр (2024.08.21) З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор:

З.Б, Ж.Б, М.Б нарыг “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, З.Б, Ж.Б, М.Б нарыг “тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж,

З.Б-г 19.200.000 төгрөг, Ж.Б, М.Б нарыг тус тус 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-иас 935.179.036,80 төгрөг гаргуулж, хохирогч Монгол Улсын Сангийн яамд олгож шийдвэрлэсэн.

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Г.Даваахүү, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү”, иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатарын гаргасан “шийтгэх тогтоолын иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлуудаар хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцжээ.

Улмаар анхан шатны шүүхээс З.Б, Ж.Б, М.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-иас 935.179.036,80 төгрөг гаргуулж, хохирогч Монгол Улсын Сангийн яамд олгож шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулгын мэдээлснээр, анхан шатны шүүх шүүгдэгч нарын хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосон байсныг шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлт хангагдтал хэвээр үлдээхээр өөрчлөн шийдвэрлэжээ.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. Энэ хэргүүд одоо л шийдэгдэж байгаа юм уу.Аль хэдэн жилийн өмнө л шүүхдээд байсан даа.Их хэмжээний хохиролтой эрхтэн дархтан оролцсон хэргүүд их сунжирч байх юм даа.Нэг муу жирийн иргэн хэрэгт холбогдвол дор нь шийдээд олон жилийн ял өгөөд ачаад явчихдаг шүү.Шүүх бол нэг биш харагдаж байна шүү .Өндөр цалин авна дээр нь мөнгөтэй баячууд.дарга нарт бол өөр хандах хандлага харагдаж байна шүү.Өөрсдөө ч асар их хөрөнгөжсөн байдаг шүү.Шударга л шүүж байгаарай.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу