Бүгд Найрамдах Солонгос Улсын /БНСУ/ сүү, сүүн бүтээгдэхүүнийг сурталчлах “I like it korean milk day” өдөрлөг наймдугаар сарын 17, 18-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд боллоо. Тус өдөрлөг нь 2017 оноос хойш Азийн орнуудад зохион байгуулагдаж буй бөгөөд Монгол Улсад анх удаагаа болсон нь энэ байв. 

Өдөрлөгт маш олон хүүхэд залуус ирж, хамтлаг дуучдын урлагийн тоглолтыг үнэ төлбөргүй үзэнгээ сүүн бүтээгдэхүүн амталж, хөгжилтэй тоглоом тоглож, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн юм. 

Тухайлбал, эхний өдрийн үйл ажиллагаа 13:30 цагт эхэлсэн. Нээлтийн үйл ажиллагааны дараа реппер Г.Уянгадарь, реппер Thunder, Namone, O.Z, Ука зэрэг олон уран бүтээлч тайзнаа дуулав. Тоглолтын дундуур мөн хөгжилтэй тоглоом тоглуулсан юм.

Тус арга хэмжээнд Өмнөд Солонгосын “Seoul milk”, “Namyang”, “Mail”, “Lotte”, “Binggrae” гэх таван компани оролцож, 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ хүрэлцэн ирсэн хүүхэд, залуучуудад танилцуулж, дайлав.

Мөн БНСУ-ын сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын нөлөө бүхий хүмүүс болох Сүүн бүтээгдэхүүн боловсруулах нийгэмлэгийн захирал Lee Chang-beom, Үхрийн мах, сүүн бүтээгдэхүүн боловсруулалтын хоршooны захирал Lee Seung-ho, Сүү, сүүн бүтээгдэхүүнийг дэмжих холбооны захирал Kim Seon- yeong нар ирж, оролцсон нь өдөрлөгийн онцлох үйл явдал байлаа. 

Хүүхэд, залууст үнэ төлбөргүй урлагийн тоглолт үзэх боломж олгож, кальци, амин дэмээр баялаг сүү, сүүн бүтээгдэхүүнээр дайлсан энэхүү өдөрлөгийг цаашид Монгол Улсад жил бүр зохион байгуулах ажээ. 

Өдөрлөгийг зохион байгуулахад БНСУ-ын талаас найруулагч Kim Gook-jin, Jang yu-gin оролцсон бол Ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын талаас Б.Батбаяр ажиллажээ. Kim Gook-jin-ийн тухайд уг өдөрлөгийг Вьетнам Улсад 2017 оноос хойш зохион байгуулсан туршлагатай аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу