УИХ-ын ээлжит бус чуулганы Баасан гараг (2024.08.23)-ийн нэгдсэн хуралдаанаар нийт найман асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Тодруулбал,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн) анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч, үг хэлж байна.

“ОЮУ ТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСАХААР
22 МЯНГАН АЖИЛЧНЫ ХАГАС НЬ АЖИЛГҮЙ БОЛНО”

УИХ-ын гишүүн О.БАТНАЙРАМДАЛ: 

-Эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалт маш том байр суурь эзэлсээр ирсэн. Тэр дундаа Оюутолгойн бүтээн байгуулалт байна. 2023 оны төгсгөлөөр гэхэд, нийтдээ бараг 17.4 тэрбум ам.доллар Монгол Улсын эдийн засагт хөрөнггө оруулалт хэлбэрээр орж ирсэн гэсэн үг. Мэдээж гадаад валютын нөөцөд. Энэ хөрөнгө оруулалтаар дамжаад Монгол Улсын эдийн засагт үржиж байгаа үржвэрийг нь аваад үзвэл маш том хөрөнгө оруулалт гэсэн үг.

“Оюу толгой”-н бүтээн байгуулалт ойролцоогоор жилд 1.5-2 тэрбум ам.долларыг Монгол Улсын эдийн засагт оруулдаг. Дараа жил буюу 2025 онд “Оюу толгой”-гоос жил болгон оруулж ирдэг 2 тэрбум ам.долларын бүтээн байгуулалт дуусч байгаа юм. Тэр гадаад валютын нөөц байхгүй болно гэсэн шинэ бодит байдалтай бид 2025 онд нүүр тулна.

“Оюу толгой” төсөл дээр нийтдээ 22 мянга орчим ажилчин ажиллаж байна. “Оюу толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт дуусахаар энэ 22 мянган ажилчны хагас нь ажилгүй болох дүр зураг харагдаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт том мега төслүүдийг явуулна гэж 14 мега төсөл оруулж ирсэн.

2025 онд “Оюу толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт дууссанаас гарах үр дагаварыг хэрхэн нөхөх вэ. Эдийн засгийн өсөлтийг бид тогтсон хэмжээндээ барихын тулд энэ гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бид хаанаас нөхөх вэ. “Оюу толгой”-н бүтээн байгуулалтыг дагаад маш их ур чадвар бий болсон. Ханган нийлүүлэгчдийг аваад үзэх юм бол…

Өнөөгийн эдийн засаг, тэр дундаа уул уурхайн салбар ажилгүй болох тэр 10 мянга гаруй ажилчныг шингээж авах боломжгүй. Тэгэхээр заавал нэг мега төсөл хэрэгжиж байж эрэлт үүснэ, буцаад тэрнээс гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байж энэ орон зайг зайлшгүй нөхөх ийм дүр зураг дараа жилээс харагдаж байна.

Тийм учраас бид тэр 14 мега төсөл дотроо аль нь эхлээд хамгийн түрүүнд заавал хэрэгжих ёстой вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. “Оюу толгой”-н бүтээн байгуулалт дууссанаар гадаадын шууд хөрөнгө оруулалт багасах тэр орон зайг хэрхэн нөхөх вэ. Тэр ажилгүй болох 10 мянга гаруй ажилчныг ямар мга төслүүдэд ханган нийлүүлэгчээр ч юм уу, гэрээ контрактаар ч юм уу ажилд оруулах вэ.

Энийг бид мөрийн хөтөлбөртөө, тэр дундаа мөрийн хөтөлбөрийг дагаад гарч ирэх нарйивчилсан төлөвлөгөөндөө маш уялдаатай заавал тусгах хэрэгтэй. Ингэж байж бид зорилтот эдийн засгийн өсөлтөө цааш авч явах боломжтой болно.

“Оюу толгой”-н бүтээн байгуулалт Монголд, ялангуяа уул аархай, түүнийг дагасан дэд бүтцийн салбарт маш том цахиур хагалсан, маш том ур чадвар бий болгосон. Дараагийн бүтээн байгуулалт нь гацсаар байгаад тэр ур чадвар алга болчих вий гэсэн айдас байна. Гарч ирэх үр дагаврыг тооцоолж, нарийвчилсан төлөвлөгөөндөө заавал тусгаж оруулаасай гэж хүсэж байна.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу