УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж буй. УИХ-ын гишүүн Д.Рэгдэл мөрийн хөтөлбөрт тусгагдсан усан цахилгаан станцын төслүүдийн талаар тодруулав.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨТӨЛБӨРӨӨС ШҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ХАСЪЯ ГЭСЭН САНАЛЫГ ГИШҮҮД ДЭМЖСЭН Ч БУЦААГААД ОРУУЛААД ИРЖ”

УИХ-ын гишүүн Д.РЭГДЭЛ: 

-Нийт 14 том төслийн дунд Эгийн голын 314 мВт-ын усан цахилгаан станц байгуулах асуудлыг оруулж ирсэнд баяртай байна. Үүнийг барих асуудал цаанаа том асуудал дагуулж байгаа. ОХУ-ын зүгээс НҮБ болон ЮНЕСКО-д Байгаль нуурын эко системд нөлөөлнө гэдэг үндэслэлээр асуудал тавиад, Дэлхийн өвийн хороо хориг тавьчихсан.

Үүнийг цааш нь явуулахын тулд Засгийн газартаа санал боловсруулж өгсөн Оросын эрдэмтэдтэй нь ажиллах асуудал байгаад байна. Би тэр эрдэмтдийг олсон. ШУА-ийн зүгээс тэдгээр эрдэмтдийг Монголд хоёр удаа авчирч, Оросод хоёр удаа очиж ярилцлага хийсэн. Энэ асуудлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулаад, мөнгө төгрөгийг нь тусгачихвал цааш явах боломжтой.

Энэ төслийг дагаж орж ирж байгаа Шүрэнгийн цахилгаан станцын төсөл байна. Байнгын хороон дээр би үүнтэй холбоотой санал гаргасан ч хасагдсан байна. Эгийн голын цахилгаан станц, Шүрэнгийн цахилгаан станцыг зэрэг яривал Орос хэзээ ч дэмжихгүй нь ойлгомжтой. Хоёулаа Сэлэнгийн бассейн дээр баригдах учраас.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс Шүрэнгийн цахилгаан станцыг хасъя гэдэг саналыг би байнгын хороон дээр гаргаад дэмжигдсэн ч энэ заалтыг буцаагаад оруулсан байна. Үүнийг тодруулъя.

Бодит амьдрал дээр энэ хоёр төслийг барих эсэхээ оросуудтай л ярьж байж шийднэ. Энэ хоёрыг зэрэг тавибал Орос ярихгүй байх магадлал өндөр. Би оросуудтай ярьдаг учраас үүнийг хэлж байгаа юм. Бодолцоно биз дээ.

“БИД ЭГИЙН ГОЛТОЙГОО ҮЛДЭХ ЁСТОЙ”

Тэргүүн шадар сайд Л.ГАНТӨМӨР:

-Шүрэнгийн цахилгаан станцтай холбоотой заалтыг буцааж оруулж ирсэн нь энэ хоёр цахилгаан станцын төсөл аль аль нь байж байг гэж үзсэнтэй холбоотой. Энэ бол хэлэлцээр. Бид Эгийн голтойгоо үлдэх ёстой. Гэхдээ аль алийг нь зорилт болгож дэвшүүлж байж аль нэг нь үлдэнэ гэж шийдсэн.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу