Канадын “Lucara Diamond” (TSX: LUC) компани Ботсвана дахь Карове уурхайгаас дэлхийн хоёр дахь том буюу 2492 каратын алмаз (очир эрдэнийн чулуу) олжээ.

“Lucara”-гийн мэдээлснээр, энэхүү “гайхамшигт” алмазыг 2017 онд өндөр үнэ цэнтэй чулуу олборлох, хадгалах зорилгоор суурилуулсан “Mega Diamond Recovery (MDR) X-ray Transmission (XRT) технологийн тусламжтай олж илрүүлж, өнгөлсөн байна.

“Lucara” алмазны чанарын талаар мэдээлээгүй аж. Тус очир эрдэнийн чулуу теннисний бөмбөгөөс том, хэд дахин хүнд бөгөөд өмнө нь 1905 онд хөрш Өмнөд Африкаас олдсон 3106 каратын “Cullinan” алмазаас хойш олдсон хамгийн том алмаз болжээ.

“Lucara”-гийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Уильям Ламб “Бид энэхүү ер бусын алмазыг олж авсандаа баяртай байна. Энэ олдвор манай Карове уурхайн гайхалтай чадавхийг харуулж буйгаас гадна хамгийн сүүлийн үеийн XRT технологид оруулсан стратегийн хөрөнгө оруулалтын үр дүн юм” хэмээн мэдэгджээ.

Дэлхийд хэмжээгээрээ дээд амжилт тогтоосон 3106 каратын “Cullinan” алмазыг 1905 онд ӨАБНУ-ын Трансвааль муж дахь Премьер уурхайгаас олсон байна. Хожим уг эрдэнийн чулууг жижиглэн хувааж, заримыг нь Их Британийн хааны титмийн шигтгээ болгожээ.

Карове уурхай сүүлийн жилүүдэд хэд хэдэн том алмаз олборлосон байна. Тухайлбал, 2019 онд 1758 каратын Sewelô, 2015 онд 1109 каратын Lesedi La Rona, 2015 онд мөн 813 каратын Constellation, зэрэг томоохон алмаз аж. Мөн тус уурхайн олборлосон гоёмсог ягаан “Boitumelo” алмаз Ботсванагаас олдсон хамгийн том алмазад тооцогдож байжээ.

Ванкуверийн уурхайчин Пүрэв гарагт Ботсвана улсын Ерөнхийлөгч Мокгвэтси Масисид хараахан нэр өгч амжаагүй алмазыг үзүүлжээ. Тэрбээр аварга том эрдэнийн чулууг “100 гаруй жилийн хугацаанд олдсон хамгийн том алмаз” хэмээн хэлсэн байна.

Африкийн энэхүү улс дэлхийн хамгийн том алмаз үйлдвэрлэгч бөгөөд худалдаа нь түүнийг дундаж орлоготой улс болгон өөрчилжээ. Karowe жил бүр дунджаар 300.000 карат үнэт эрдэнийн чулуу олборлодог, дэлхийн хамгийн өндөр үр ашигтай алмазын уурхайн нэг хэвээр байна.

“Lucara Diamond”-ын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, тус компани дэлхийн хамгийн том 10 алмазын зургааг нь олборлосон байна. Ботсванад хамгийн сүүлд олдсон эрдэнийн чулууг ойрын үед зохих ёсоор үнэлнэ гэж тэрбээр нэмж хэлсэн талаар CNN-д мэдээлжээ.

Өнгөрсөн сард дэлхийн хамгийн том алмааз олборлогч орон болох Ботсвана улс уул уурхайн компаниудад лиценз олгосныхоо дараа “Засгийн газар хувьцаа эзэмших эрхээ хэрэгжүүлэхгүй бол уурхайн хувьцааны 24 хувийг дотоодын хөрөнгө оруулагчдад худалдах ёстой” гэсэн хуулийн төсөл санаачилсан байна.

Эх сурвалж: MINING, CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу