УИХ-ын ээлжит бус чуулганы Баасан гараг (2024.08.23)-ийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн) -ийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлснийг хүргэе. Тэрбээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж байгаатай холбоотойгоор УИХ нэг талыг барьсан, андуу ойлголт яваад байгааг хэлэхээс өөр арга алга.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ батална. Засгийн газар түүгээрээ баталдаг байсан бол зөвхөн нэг талтай, “Бид ийм юм хиймээр байна” гэдэг үг байх байсан байх.

УИХ баталж байгаагийн гол зорилго “Та нараар бас ийм ажил хийлгэмээр байна. Хийж байгаа ажлыг чинь үнэлмээр байна. Энийг нь хийсэн, энийг нь хийгээгүй байна гэдгийг хэмжих хэмжүүртэй баймаар байна” гэдгийг хэлэх гэж оролдож байгаа юм.

Тийм учраас Засгийн газраас ярьж байгаа, “жаахан ерөнхийлөөд биччихье”, “энэ энд агуулагдаж байгаа”, “тодорхой нэг юм нэрлээд яах вэ” гэх мэтчилэн үгүүд хуурмаг шүү.

“УИХ-д аль болох хянагдахгүй, хэмжигдэхгүй, баригдахгүй” гэдэг бодлынх нь илрэл гэдгийг УИХ-ын гишүд анзаарч, анхаарч байх ёстой.

Хоёрт, гурван нам хамтраад, энэ засгийн газар зориглоод, эдийн засгийн томоохон өөрчлөлт гаргая гэж байгаа бол хийж болно. Гэхдээ хуулийн, хүний эрхийн, шударга ёсны тал дээр дорвитой өөрчлөлт хийхгүй бол эдийн засгийн өөрчлөлт хийх гэж байгаа алхмууд чинь бүгд авлигын хэрэг болоод, шоронд явна шүү.

Нөгөөтэйгүүр, гүйцэтгэх ажлын хавтгайрсан, хувийн мэдээллийг төр олж аваад, тэр нь шүүх рүү явдаггүй, хэн нэгэн даргын сейфэнд хадгалагддаг, тэр мэдээллээр шантаажилдаг, бизнесийг нь тонож дээрэмдэхийг оролддог, мэдээлэл авчирч өгсөн хүнийг албан тушаал ахиулж, дээш нь тавьдаг энэ тогтолцоог өөрчлөхгүй бол шийдвэр гаргалт чинь бизнесийн хүрээсийн хүрээнд, улс төрийн хүрээнд ч ардчилал гаргахаа байсан шүү. Эрх чөлөөг тодорхойлохоо байсан шүү. Тийм учраас би бүр хариуцлагатайгаар хэлмээр санагдаад байгаа юм.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.2.1.13-д байгаа заалт бол түүхтэй заалт. Энэ заалтыг 2016 онд оруулж ирэхэд Ерөнхий сайдаа унагах хэмжээнд хүртэл хуулийн байгууллага чинь боссон шүү. Нэг өглөө босоход өдөр тутмын хэвлэлүүдээр цагдаа, тагнуул, АТГ-ын дарга нар мэдэгдэл хийгээд, “Засгийн газраас өргөн барсан хуулиа татаж ав” гэж Ерөнхий сайдаа айлгаж байсан.

Тэр үйл явдлын дараа Чимгээ, Содномжаржаа гээд С.Зоригийг хөнөөсөн аллагатай холбоотойгоор гүйцэтгэх ажил нэрийн дор яаж эрүү шүүлт болдог тухай хангалттай их ярьсан. Энэ сонгуулиар яг энэ сэдвээр хангалттай их шоудсан. Эрүү шүүлт, гүйцэтгэх ажил хоёр чинь нэг зоосны хоёр тал болсон. Энийгээ шийдэх тухай алхам хийхгүй, шоудах тухай ярьж байгаа бол иргэд итгэхгүй байгаа шүү.

Шийдэх гээд бичээд, Засгийн газар нь оруулаад ирэхээр УИХ дээр энэ заалтыг хасах санал гаргадаг. Одоо бүр бүдгэрүүлэх санал гаргадаг. Тодорхой, хэмжигдэхүйц байгаа асуудлыг зүгээр ингээд заачихъя гээд, хууль хүчний байгууллагуудын арын өрөөнөөс гар, хөл нь болоод, санал явуулж байгаагаа болих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл болохоос биш, хуулийн байгууллагын буруу явж байгаа арга замын төлөөний хүмүүс ерөөсөө биш шүү. Энийгээ ба сайн бодоорой.

Эцэст нь дахиад хэлье. Герман шиг яг “нууц цагдаа”-гийнхаа гарт орчихсон улс орнууд энэ гажгаас яаж салсан бэ гэхээр парламентын, шүүхийн, иргэний хналт гурваа сайжруулж байж салсан. Парламентын хяналтын ажил Засгийн газрын ажил биш учраас энд бичээгүй.

Шүүх иргэний хяналтыг нь яг энэ заалт дээр бичсэн. Шүүхэд хянагдахыг хүсэхгүй, иргэндээ үнэнээ харуулахыг хүсэхгүй байгаа хүмүүс байнга араар нь хүчирхийлэл хийдэг “ногоон малгайтан” байдаг. Энэ дээр УИХ-ын гишүүд минь анхаарах ёстой” гэсэн юм.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу