Хүүхдийн дэлгэцийн хамаарал болон түүнээс хэрхэн гаргах талаар гэр бүл судлаач С.Баржавтай ярилцлаа. Тэр 11 сартай, дөрвөн настай хоёр хүүхэдтэй. Том хүүгээ дэлгэцийн хамааралтай болсныг анзаарч, бага багаар холдуулж чаджээ. Энэ туршлагаасаа бидэнтэй хуваалцсан юм. 

-Техник технологи хөгжихийн хэрээр хүмүүс дэлгэцийн хамааралтай болж байна. Гар утас, зурагт, таблет, зөөврийн компьютер гэх мэт зүйлс бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон. Энэ үед хүүхдийг багаас нь гар утас, зурагтаар бичлэг үзүүлэх нь нэмэгдэж, бараг л хэвийн үзэгдэл мэт болжээ. Залуу гэр бүлийн хувьд танайх дөрвөн настай хүүгээ дэлгэцийн хамааралтай болгосноо анзаарч, түүнээс салгасан гэсэн. Энэ туршлагаасаа хуваалцаач. Хүүхдээ дэлгэцийн хамааралтай болсныг хэрхэн мэдсэн бэ?

-Хүүхдийг дэлгэцийн хамааралтай болгоход хамгийн өндөр нөлөө үзүүлдэг нь гэр бүлийн орчин буюу эцэг, эх, томчуудын дэлгэцийн хэрэглээ. Хүүхдийг нь саатуулах хүн байхгүй, эсвэл асуудлыг маш хурдан аргаар шийдвэрлэхийн тулд эцэг, эхчүүд хүүхдэдээ гар утсаа өгөх, эсвэл зурагтаар хүүхдэд зориулсан контент үзүүлдэг.

Нөгөө талаас бидний өссөн орчин маш чухал. Тухайлбал, намайг хүүхэд байхад гэрийн зурагт байнга асаалттай байдаг байсан. Хүн үзсэн ч бай, үзээгүй ч бай мэдээ, кино гарч л байдаг. Яг тэр хүмүүжлээр бид нийтээрээ зурагт асаалттай байх нь энгийн үзэгдэл мэт ойлгодог болчихсон. Энэ нь бага насны хүүхэд дэлгэцийн хамааралтай болох эхлэл болдог юм билээ. 

Дэлгэцийн хамааралтай болсон эсэх нь хүүхдийн зан харилцаа, байгаа байдлаас шууд анзаарагддаг. 

-Зан харилцаа нь өөрчлөгддөг гэлээ. Энэ талаар тодруулбал. Хүүгийн тань ааш яг яаж өөрчлөгдсөн байв?

-Хүү маань бидэнтэй уур уцаартай харьцаж, байнга л гар утас, зурагт үзэх талаар асуудаг болчихсон байсан. Тэр үед л зогтусаад, ерөөсөө л хүүхдээ дэлгэцээс холдуулъя гэж шийдсэн юм. 

Ер нь хүүхэд дэлгэцийн хамааралтай болохоороо огцом ууртай болдог. Эсвэл дуугаа хурааж, чимээгүй болно.

Гар утсанд хэт их төвлөрснөөс болоод хүүхдийн тархинд допамин буюу аз жаргалын гормон ялгарна. Ингэснээр тухайн зүйлд донтож эхэлж байгаа гэсэн үг. Утсандаа маш удаан хугацаагаар төвлөрч,с өлсөх, өвдөх зэргээ ч анзаардаггүй. Тэр үед гар утсыг нь болиулахаар нөгөө аз жаргалын гормон ялгарахаа болино. Ингээд тархи автоматаар нөгөө зүйлээ хүчтэйгээр нэхэж эхэлж байгаа юм. Энэ үед бага насны хүүхдэд байхааргүй сөрөг зан араншинг гаргадаг. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй, уур уцаартай, төвлөрч суух чадваргүй, өмнө нь аз жаргал мэдэрч байсан зүйлүүдээсээ аз жаргалаа мэдрэх нь багасаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь хоол идэхдээ, ээж аавтайгаа тоглохдоо аз жаргалыг мэдэрдэг байсан бол тэр нь үгүй болно гэсэн үг. 

-Хүүхэд нь дэлгэцийн хамааралтай болсон нь анзаарагдаад эхэллээ. Тэгвэл хэрхэн салгах вэ. Та хүүхдэдээ хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцвал…

-Хамгийн эхэнд гар утсаа хүүхдээсээ холдуулсан. Хүүхэд утсанд гараараа хүрч, мэдэрч байгаа учраас зурагтаас илүү донтох магадлал өндөр байдаг. Тиймээс эхлээд гар утсыг удаан хугацаанд бага багаар холдуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өдөр тутамд үзэж байгаа хугацааг нь богиносгох байдлаар гэсэн үг.

Ингэхдээ эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ хажууд утас оролдохгүй байх нь хамгийн чухал. Учир нь хүүхэд өөрийг тань хараад “Яагаад ээж, аав гар утас үзэж байхад би болдоггүй юм бэ” гээд гэж бодож, дуураймаар санагдана. Мөн хүүхэд эцэг, эхийнхээ хийж буй зүйлийг зөв гэж хүлээж авдаг учраас “Энэ бол аавд нь ч муу, ээжид нь ч муу, чамд ч гэсэн муу” гэдгийг ойлгуулах зорилгоор хүүхдийнхээ дэргэд шаардлагагүй үедээ утас оролдохгүй байх хэрэгтэй. 

Дараа нь, зурагт. Эцэг, эхчүүд хүүхдэдээ зурагт үзүүлэхдээ “Хүүхдийн контент, насандаа тохирсон нэвтрүүлэг үзэж байгаа болохоор асуудалгүй” гэж боддог. Гэтэл тэр нь ч гэсэн хүүхэд дэлгэцийн хамааралтай болох, донтох эмгэгийг нэмэгдүүлдэг. Гар утастай л адил дэлгэцээр өнгө дүрс гаргаж байгаа учраас тархи түүнийг нь энэ бол гар утас байна, энэ бол зурагтаар гарч байгаа контент байна гэж ялгахгүй шүү дээ. Тиймээс зурагтынхаа хэрэглээг мөн тодорхой хэмжээгээр багасгах хэрэгтэй. Манай гэр бүлийн тухайд хүүхдүүдээ унтах хүртэл зурагтаа асаагаагүй. Харин хүүгээ дэлгэцийн хамаарлаас гаргасныхаа дараа ярилцаж, “Долоо хоногийн сүүлээр хамтдаа кино үзэж байя” гээд нас, сэтгэхүйд тохирсон киног 10-30 минутын хугацаанд үзүүлээд, зогсоож байгаа. 

Мөн хүүхэдтэйгээ маш сайн ярилцаж, ойлголцох хэрэгтэй. Хүүхдийн нас бага байлаа гээд ойлгохгүй гэсэн үг биш, бүгдийг ойлгодог. Тиймээс уйлж, дургүйцлээ илэрхийлэх үед нь эцэг, эхчүүд маш тайвнаар хүүхдүүдтэйгээ ижил түвшинд суугаад сайн ярилцах хэрэгтэй. Гар утас нэхээд уйлахад нь “Аав, ээж нь чамд маш их хайртай учраас гар утас үзүүлж, нүд, толгойг чинь өвтгөөмөөргүй байна. Тиймээс үүнийг хийж байгаа юм шүү. Гар утас, зурагт үнэхээр муу. Аав, ээж нь ч үзэхгүй” гэдгийг байнга тайлбарлаж байх хэрэгтэй. “Чи үзэж болохгүй” гэх байдлаар хариулахад хүүхэд түүнийг хүлээж авдаггүй.

-Эцэг, эхчүүдэд заримдаа хүүхдээ сатааруулах шаардлагатай үе гардаг. Энэ үед ямар арга хэмжээ авах вэ?

Гар утас, зурагт үзэх цагийг нь багасгасны дараа хүүхэд мэдээж уйдна. Тиймээс өөрөө өөрийгөө сатааруулах дадлыг хүүхдэдээ суулгаж өгөх хэрэгтэй юм билээ. Хүүхэдтэйгээ хамт ном унших, тоглох, хувцас эвхэх, аяга тавгаа хамт угаах гэх зэргээр өдөр тутамд хийдэг ажлаа маш сонирхолтойгоор хийх хэрэгтэй. Ингээд дараа нь сатааруулах шаардлага гарах үед өмнө нь хамт хийж байсан, дадал болгосон зүйлээ хийхийг санал болгох боломжтой. Манай гэр бүл ийм арга ашигладаг болсон. 

Эцэст нь хэлэхэд, нэг насандаа өдөрт дунджаар нэг цаг дэлгэц үздэг байсан хүүхэд хоёр болон дөрвөн насандаа хэл ярианы болоод анхаарал төвлөрөлт, нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдолд орж байна гэдэг судалгааг Японы их сургуулиас 2023 онд гаргасан тайландаа дурдсан байгаа юм. Нэг нас гэлтгүй цаашлаад насанд хүрсэн хүний хувьд ч гэсэн хүний анхаарал төвлөрөх чадварыг дээд зэргээр устгаж байгаа зүйл бол гар утас байгаа юм. Хүн унтахынхаа өмнө гар утсаа бага зэрэг оролдохоор зэхэх үед нэг л мэдэхэд төлөвлөж байсан цагаасаа 1-2 цаг илүү үзчихсэн байдаг. Энэ нь нойрноосоо хугасална гэсэн үг. Ийм байдал удаан хугацаагаар үргэлжлэх үед сэтгэцийн эмгэг болох магадлал өндөр болдог. Мөн бие махбодод ч асуудал үүсэж эхэлнэ. Өдөрт дунджаар гурван цагийг гар утсанд зарцуулж л байгаа бол та дэлгэцийн хамааралтай болсон байна гэсэн үг. Тиймээс ажид хэргийн чухал шаардлагатайгаас бусад үед гар утсыг ашигладаггүй болж нийтээрээ занших хэрэгтэй байна. Тэгэхгүй бол 10-20 жилийн дараа бид нийтээрээ сэтгэл зүй, бие махбодын хувьд хор хохирол амсах эрсдэлтэй. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу