Дэлхий дахиныг хамарсан цар тахал, геополитикийн тогтворгүй байдал, тэдгээрээс үүдэлтэй тээвэр, логистикийн саатал, үнийн өсөлт болон мөнгөний хатуу бодлогын нөлөө үргэлжилсэн ч ажил эрхлэлт, өрхийн орлого сайжирч, нийт эрэлтийг дэмжсэнээр дэлхийн эдийн засаг 2023 онд 3.3 хувиар өссөн.

Олон улсын валютын сангийн төсөөллөөр Дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 онд 3.2 хувиар өсөхөөр хүлээгдэж буй юм. Инфляцын бууралт мөнгөний бодлогын төлөвийг сулруулах орон зайг бий болгож, эдийн засгийн идэвхжилийг дэмжихээр байна.

БНХАУ: БНХАУ-ын эдийн засаг 2024 оны 2 дугаар улиралд 4.7 хувиар өсчээ. Тус улсын үл хөдлөх салбарын хямрал үргэлжилж байгаа нь дэлхийн эдийн засаг, худалдааны эргэлт, түүхий эдийн эрэлт, үнэд томоохон эрсдэлийг бий болгож буй.

2024 оны эхний зургаан сарын байдлаар үл хөдлөх салбарын хөрөнгө оруулалт 10.1 хувиар, борлуулалт 19.0 хувиар тус тус буурснаар салбарын эмзэг байдал илэрч байгаа ба Засгийн газар, Хятадын ардын банкнаас эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд чиглэсэн бодлогын арга хэмжээний цар хүрээг хэрхэн тэлэх нь тус улсын эдийн засгийн төлөвийг тодорхойлохоор байгаа аж.

Олон улсын валютын сан тус улсын эдийн засгийн 2024 оны өсөлтийн төсөөллийг 5.0 хувь байхаар төсөөлжээ.

ОХУ: ОХУ-ын эдийн засаг 2024 оны эхний улиралд 5.4 хувиар өссөн байна. Уг өсөлтөд Украинд болж буй дайнтай холбоотой цэрэг армийн зардлын өсөлтөөс шалтгаалсан төсвийн тэлэлт голлон нөлөөлжээ.

Цаашид дайнтай холбоотойгоор ОХУ-ын эдийн засагт тогтворгүй байдал үргэлжлэх төлөвтэй байгаа тул тус улсын эдийн засгийн өсөлт 2024 онд 3.2 хувь, 2025 онд 1.5 хувь орчимд байна гэж тооцсон байна.

АНУ: Хувийн хэрэглээ, хөрөнгө оруулалтын өсөлтийн нөлөөгөөр АНУ-ын эдийн засгийн өсөлт 2024 оны 2 дугаар улиралд 2.8 хувьд хүрч эрчимжжээ. 2022 оны 6 дугаар сард 9.1 хувьд хүрээд байсан инфляц 2024 оны 6 дугаар сард 3 хувь болж буурч, үнийн өсөлт саарах хандлага ажиглагдаж байгаа нь бодлогын хүү буурах хүлээлтийг нэмэгдүүлж байна. Тус улсын эдийн засаг 2024 онд 2.6 хувиар өсөх хүлээлттэй байна.

ЕВРО БҮС: Инфляцыг хязгаарлахаар хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа суларч, евро бүсийн эдийн засгийн өсөлт 2023 онд хүлээлтээс доогуур буюу 0.4 хувь байв.

Инфляцын дарамт буурсантай холбоотойгоор Европын төв банк бодлогын хүүг 2024 оны зургаадугаар сард 2019 оноос хойш анх удаа бууруулсан. Хэрэглээ, хөрөнгө оруулалтын өсөлт болон мөнгөний бодлогын нөлөөгөөр тус бүсийн эдийн засаг 2024 онд 0.9 хувиар өсөх хүлээлттэй байна.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу