УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдөр (2024.08.26)-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар, 

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх,

-Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд,

-Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх товтой байв. 

Гэвч УИХ дахь МАН-ын бүлгээс нэг хоногийн завсарлага хүссэний дагуу УИХ-ын чуулган маргаашийг хүртэл түр завсарлалаа. 

Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Уг хууль бол төсвийн төлөвлөлт, төсвийн хяналт хариуцлага, эдийн засгийн аюулгүй байдал гээд олон асуудлыг хөндсөн томоохон өөрчлөлтүүд хийгдэхээр байгаа. Үүнд бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх зайлшгүй шаардлага байгаа.  Тиймээс завсарлагаа сунгаж, уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр дахь асуудал бол төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байгаа юм. Энэ хуулиар төсвийг өргөн барихтай холбоотой асуудлыг зохицуулсан харилцааг оруулж ирсэн. Улсын төсвийг тухайн жилийнхээ есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлдэг хууль одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэ хугацааг аравдугаар сарын 1 болгож өөрчлөхөөр өргөн мэдүүлсэн байна.

Үүнийг бүлгийн гишүүд хуучнаараа буюу есдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлж байх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь өргөн мэдүүлснээс хойш аудитын дүгнэлтийг гаргуулж авдаг. УИХ-ын гишүүд танилцана. Мөн тойрогтоо болон олон нийтэд хэлэлцүүлэг өрнүүлэх цаг хугацааг олгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм. 

Гуравдугаар асуудал бол төсвийн тодотголыг дагалдуулан оруулж ирсэн хуулийн төслүүд бий. Үүн дотор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль буюу Тендерийн хууль байна. Энэ хуулийн төсөлд хуульд нийцээгүй заалтууд орж ирсэн байна. Улсын төсөв батлах онцгой бүрэн эрх УИХ-д бий.

Энэ бүрэн эрхэд халдаж болзошгүй заалтууд байгаа учраас энэ асуудлыг эргэж харах нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал, Чадавхад суурилсан хэлэлцээний аргаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад багтсан төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг санхүүжилтийн эх үүсвэр батлагдахаас өмнө эхлүүлж болно гэж тусгасан байна. Энэ бол улсын төсөв батлах УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж болзошгүй байна.

Хэрвээ энэ дагуу тендер сонгон шалгаруулалт хийхээр болчихвол үүний өртөг, арга хэмжээний санхүүжилтийг УИХ батлахаас өөр аргагүйд хүрнэ. Энэ мэт тодорхой бус заалтууд байгаа учраас дахин харж, судлаад оруулж ирэх хэрэгтэй. Ер нь Тендерийн тухай хуульд бүрэн шинэчилсэн найруулга хийх хэрэгтэй байна. Олон нийтэд ил тод, нээлттэй, цаашилбал хүнээс үл хамаарсан байдлаар зохион байгуулах боломжтой” хэмээн хэлээд нэг хоногийн завсарлага хүслээ. 

Хүсэлтийн дагуу УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэг хоногийн завсарлага өгөв. УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан маргааш (2024.08.27) 10:00 цагаас эхэлнэ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

           

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу