Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-аас УИХд сонгогдсон гишүүд өнөөдөр (2024.08.26) мэдээл хийлээ.

“ЗАСГИЙН ГАЗАР “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” ГЭРЭЭНИЙ МЭДЭЭЛЛЭЭ ИРҮҮЛЭЭГҮЙ БАЙНА”

УИХ-ын гишүүн, ИЗЗН-ын дарга Б.БАТБААТАР:

-УИХ дахь ИЗНН-ын Иргэний зориг зөвлөл байгуулагдсан. Зөвлөлийн анхдугаар хуралдаанаар хэд хэд асуудлыг санаачилж, хэрэгжүүлэхээр шийдвэр гаргасан. Үүнд, өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн тодотгол, түүнийг дагалдаж буй хуулийн өөрчлөлтийн төслүүдэд ямар байр суурьтай оролцох талаар байр сууриа нэгтгэсэн.

УИХ 126 гишүүнтэй болсон. Үүнээс хэт олонх буюу 118 нь Засгийн газраа байгуулсан. Засгийн газар байгуулахтай ямар хэлбэр, хууль дүрмийн хүрээнд ажиллах талаар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” нэрийн дор гэрээ байгуулсан. Байнгын хорооны хуралдаан болон бусад хуралдаанд “Засгийн газар байгуулсан гэрээгээ УИХ-д байгаа гишүүддээ ирүүлнэ үү” гэсэн ч одоогоор гэрээний мэдээллээ өгөөгүй байна.

Засгийн газар хуулийн хүрээнд улс төрийн намуудын зөвшилцөл, гэрээний хүрээнд байгуулагдахдаа түүнийгээ олон нийтээс нуух, халхлах ёсгүй гэж үзэж байна. Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийн дагуу Засгийн газрыг бүрдүүлж байгаа субъектүүд хамтран бүлэг байгуулах ёстой. МАН олонх, АН цөөнх гэсэн байдлаар оролцож байна. УИХ бол бага ард түмэн буюу ард түмний төлөөлөл болохоос Засгийн газрын төлөөлөл биш.

УИХ-ын 11 байнгын хорооны даргыг АН, МАН хуваарилж авсан. Засгийн газарт бид ямар нэг байдлаар хамтарч оролцохгүйгээ илэрхийлсэн. Гэхдээ УИХ ард түмний төлөөлөл учраас УИХ-д байгаа бүх нам, эвсэл, гишүүдийг оролцоотой байх тал дээр анхаарах ёстой.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл УИХ-ын хэлэлцэх асуудлууд болон төлөвлөгөөг гаргадаг. Одоо чуулган хаахад намрын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг гаргах гэж байна. Үүнд Үндэсний эвсэл, ИЗНН-ын гишүүд мэдээлэлтэй болж чадахгүй байна. Тодорхой хэмжээгээр бидний мэдэх эрх, иргэдээ төлөөлөх эрх алдагдаж байна. Тийм учраас УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд парламентад суудалтай намын төлөөллийг оруулах хэрэгтэй.

118-уулаа асуудлыг шийдээд байж болохгүй. Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийг хөнөөсөн хэрэг олны анхаарлын төвд байсаар ирсэн. Энэ хэргийн буруутныг илрүүлэх, үнэнийг тогтоох нь Засгийн газар, хууль, шүүхийн байгууллагын үүрэг. ИЗНН үзэл санааг нь тээгчийнхээ хувьд УИХ-ын түр хороо байгуулах санал гаргана.

Бид өнөөдөр УИХ-ын даргад намын шийдвэрүүдээ уламжилна. Сонгууль болгоны өмнө АН, МАН-ын улстөрждөг, ашиг сонирхол хайдаг байж болохгүй.

УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулиар өнөөдөр гишүүд иргэд, сонгогчдоо төлөөлж ажиллахад туйлын хангалтгүй байдлыг өмнөх парламентын чуулганаар баталж, түүнийг нь бид өнөөдөр даган мөрдөх зохицуулалттай байгаа нь иргэд сонгогчдоо төлөөлөхөд саад учруулж байна гэж үзэж байна.

УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэлэхийн тулд өмнөх өдөр нь албан тоот бичдэг. Техник, технологийн хувьд энэ хоцрогдсон зүйлээс салах ёстой.

Төсвийн төсөөллөөр 22.7 их наядаар 2024 оны төсвийг батална гэж үзэж байсан. Гэвч төсөв батлахад 5 их наядаар нэмэгдүүлж, 27 их наядаар баталсан. Өнөөдөр 3.1 их наядыг нэмж, 30.2 их наядын төсвийн тодотгол хийж, өөрчлөгдөж байна. Нийт мөнгөний нийлүүлэлт 40 их наяд. Үүний 30 их наяд нь улсын төсөвтэй холбогдож байна.

Монголбанкны мөнгөний бодлого хатуурна. Иргэд ,бизнес эрихлэгчдэд санхүүжилтийн их үүсвэр олдохгүй болно. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчлөхөөр санал оруулах болно.

“ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИНДЕКС ЯДУУРАЛД ОГТ ХАМААГҮЙ, БҮР ОНИГООТОЙ НЬ 10 БАЙРААР АХИУЛНА ГЭНЭ”

Эдийн засагч Н.ДАШЗЭВЭГ:

-Засгийн газрын мөрийн хөтөлбөр ард түмнээ, сонгогчдоо мартчихсан байна. Жишээ нь, ирэх дөрвөн жилд ард түмний бодит орлого хэрхэн өсөх талаар ямар ч үг, өгүүлбэр алга. Амьжиргааны түвшинг дээшлүүлэх талаар нэг ч үг алга.

“Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д дундаж ба түүнээс дээш орлоготой иргэдийн эзлэх хувь 71 байгааг 80 хувь болгоно гэсэн байна. Дараа жил дундаж давхаргын эзлэх хувь 80 хувь болсон байх ёстой. Гэтэл дөрвөн жил ажиллах Засгийн газар дундаж давхрагаа хэдэн хувь болгох талаар огт дурдаагүй байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Нэг хүнд ногдох ДНБ-ийг 8-10 мянган ам.долларт хүргэнэ, хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар ахиулж, ядуурлын түвшинг хоёр дахин бууруулна гэсэн байна. Ядуурлыг хоёр дахин бууруулахад үндэслэж байгаа хоёр зүйл нь хоёулаа үүнд ямар ч нөлөөгүй.

Нэг хүнд ногдох ДНБ өсөхөд ядуурал буурдаггүйг өнгөрсөн 30 жил харуулсан. Хүний хөгжлийн индекс ядууралд огт хамаагүй. Бүр онигоотой нь 10 байраар ахиулна гэнэ.

Засгийн газрын ядуурлыг хоёр дахин бууруулна гэдэг амлалт ямар ч үндэслэлгүй, яаж хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна. Ядуурлыг хоёр дахин бууруулна гэдэг нь 457 мянган хүнийг ядуурлаас гаргана гэсэн үг. Монгол Улс дэлхийн 100 ядуу орны 87-д байна. Энэ 100 орны тооноос гарах асуудлыг Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгах ёстой.

Хамгийн чухал асуудал нь ядуурлыг бууруулах асуудлыг ямар яам хариуцах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Дэлхийн жишгээр Эдийн засгийн яам нь энэ асуудлыг хариуцдаг. Ядуурлын түвшинг хоёр жил тутамд тооцдог. Энэ дагуу 2026 онд ядуурлын түвшинг тогтооно. Тэр үед ядуурал хоёр дахин буураагүй байвал Засгийн газар болон Эдийн засаг, хөгжлийн сайдыг өөрчлөх асуудлыг тавих боломжтой гэж үзэж байна.

Эдийн засагт хамгийн чухал зүйл бол хөдөлмөрийн хөлсний хэмжээ. Гэтэл Монголд хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээ маш бага. Үүнийг сайжруулахын тулд Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг 1000 ам.доллар болгох хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэслэлүүд бий. Монгол Улсын ДНБ-д цалингийн эзлэх жин 30 хувь хүрэхгүй байна. Дэлхийн жишгээр 60 хувьтай байдаг.

Тиймээс Засгийн газар хувийн хэвшил, Эздийн холбоо, үйлдвэрчний эвлэлтэй хамтраад, цалин нэмэгдүүлэх талаар стратеги боловсруулж хэрэгжүүлэх ёстой. Энэ нь Засгийн газрын хамгийн чухал асуудал байх ёстой гэж бодож байна. Монголд цалин өсөхгүй байгаа нэг шалтгаан нь үйлдвэрчний эвлэлгүй, цалин нэмэгдүүлэхийн төлөө ажилладаггүй.

Эцэст нь, зээлийн хүүг бууруулах шаардлагатай байна. Дэлхийн жишигт, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоочихдог. Зээлийн хүүг бууруулах тусгай хөтөлбөр шаардлагатай байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу