Монгол Улсад төрийн болон төрийн бус өмчийн 88 их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын 76 байгууллага бий.

Төрийн өмчийн МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, СУИС, ХААИС, ДХИС, ҮБХИС  зэрэг томоохон сургуулиуд тусдаа хэд хэдэн дотуур байртай. Мөн олон оюутантай СЭЗИС, ИЗОУИС, Этүгэн ИС гэсэн хувийн өмчийн сургуулиуд нөөц бололцоогоороо оюутны байрын асуудлаа шийдээд явдаг аж.

Өнгөрсөн хичээлийн жилд төрийн өмчийн 39, хувийн 29 дотуур байр оюутан хүлээж авсан. Түүнчлэн 2021-2022 хичээлийн жилд орон нутгаас 67549 оюутан Улаанбаатарт суралцсанаас дотуур байранд 7084 нь амьдарсан гэсэн тоон мэдээллийг Боловсролын Ерөнхий газраас гаргасан байдаг. Энэ нь нийт оюутны 10.5 хувь дотуур байранд амьдарсан гэсэн үг.

Зарим сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаа энэ долоо хоногт эхэлсэн. Гэтэл сургуулийн дотуур байрууд ашиглалтад бүрэн ороогүй, оюутнуудаа хүлээж авах бэлтгэлгүй байна. Үүнээс нь болж хөдөө орон нутгийн оюутнууд дотуур байрны төлбөр тооцоогоо бүрэн төлсөн хэдий ч хоног төөрүүлэх газар хайж, хамаатан саднаа царайчилдаг. Энэ нь жил бүр байх ёстой үзэгдэл мэт давтагдах болжээ.

Хоёр хоногийн өмнө (2024.08.25) нийгмийн сүлжээнд ШУТИС-ийн оюутны нэгдүгээр байрны нөхцөл байдлыг харуулсан зураг, бичлэг цацагдсан. Тодруулбал, тухайн өрөөнд засвар хийгээгүй бөгөөд бичлэгт ханын цаас болон хулдаасыг нь солиогүй, үүдний хувцасны шүүгээ нь эвдэрсэн зэрэг дүр зураг ил болсон. Энэ өрөөнд дөрвөн оюутан тус бүр 835,000 төгрөгөөр амьдарна. Харин гал тогоо болон ариун цэврийн өрөө нь нийтийн зориулалттай. 

Ийнхүү төрийн өмчит их, дээд сургуулийн дотуур байранд оюутнуудаа хүлээж авахаас эхлээд зуны амралт хүртэл мөөгөнцөр, бясаа, жоом гэх мэт элдэв асуудал гарч, хэрүүл маргаан дагуулдаг. Иймд их дээд сургуулиудын дотуур байрны үнэ болон амьдрах орчны талаар сурвалжиллаа. 

Монгол Улсын их сургууль (МУИС) оюутны зургаан дотуур байртай. Дотуур байранд оршин суух хүсэлт өгөх өдөр өнөөдөр (2024.08.27)-өөр дуусаж байна. Төлбөрийн хувьд дотуур байрны сонголтоос шалтгаалан 690 мянгаас 1.7 сая төгрөг аж. 

May be an image of ticket stub, blueprint and text

Монгол Улсын боловсролын их сургууль (МУБИС)-ийн оюутны дотуур байр бусад сургуулийн оюутан хүлээж авах боломжтойгоороо онцлог. Мөн МУБИС-д энгийн оюутны дотуур байр болон “Оюутны өргөө” цогцолбор гэж бий. Улаанбаатар хот дахь МУБИС-ийн дотуур байрны төлбөр 655 мянган төгрөгөөс эхэлж байна.

May be an image of blueprint and text

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн 1-2 дугаар дамжааны оюутны дотуур байрны бүртгэл 10 хоног үргэлжилж, оюутнууд наймдугаар сарын 25-наас дотуур байрандаа орж эхэлжээ. Харин 3 ба түүнээс дээш дамжааны оюутнуудын бүртгэл өнөөдөр дуусах юм. Төлбөрийн талаарх мэдээллийг нээлттэй байршуулаагүй бөгөөд 600 мянган төгрөгөөс эхэлдэг гэх мэдээлэл буй.

АШУҮИС-ийн оюутны I, II байр Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Арслантай гүүрний зүүн урд байрладаг. Харин оюутны III байр нь тухайн их сургуулийн цогцолборт байрладаг ба орчин үеийн шийдэл бүхий зохион байгуулалттай талаар албан сайтдаа дурджээ. 

Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-ийн Удирдах зөвлөлийн 2024 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хурлын тогтоолоор дотуур байрны үнэ хөлсийг дараах байдлаар тогтоожээ. Төлбөрийн хувьд дотуур байрны сонголтоос шалтгаалан 835 мянгаас 2.7 сая төгрөг байна.

Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС) оюутны гурван дотуур байртай. Жил бүр хөдөө орон нутгаас ирсэн 400 гаруй оюутныг хүлээн авдаг бөгөөд 1000 гаруй оюутан амьдруулах хүчин чадалтай. Дотуур байрны төлбөр дунджаар 800 мянган төгрөг байна.

Оюутны дотуур байранд тавигддаг стандарт дараах байдлаар мөрдөгдөх ёстой. Мэргэжлийн хяналтын газраас мөрддөг шаардлага нь оюутны дотуур байр зориулалтын барилга байгууламжтай байна. Барилга байгууламжийн байршил тогтоох, барилгын зураг зохиох, шинээр барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг өөрчлөн, засварлахдаа холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулсан байх ёстой.

Мөн дотуур байрны эдэлбэр газрын 30 хувиас багагүй хэсгийг ногоожуулсан байх. Дотуур байр нь сургуулийн байрнаас тусдаа хог хаягдлын цэгтэй бол эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын дагуу байгуулж, ашигладаг, хана, хашаагаар тусгаарлагдсан битүүмжлэл сайтай, хаалттай, салхины доод талд байрласан, эрх бүхий байгууллагатай гэрээ хийх ёстой.

Мөн дотуур байрны хог хаягдлыг цуглуулах цэг, бохир усны цооног, бие засах газар нь усны эх үүсвэрээс 100 метр, барилга байгууламжаас 30 метрээс доошгүй зайд байрласан байх. Дотуур байрны үүдний хэсэгт халтиргаа, гулгаанаас хамгаалсан шалавчтай, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан замыг бий болгох хэрэгтэй байна.

Түүнчлэн оюутны дотуур байрны өрөө, тасалгаа нь эрүүл ахуйн шаардлага хангасан. Нэг оюутанд ногдох талбайн хэмжээ дөрвөн м.кв-аас багагүй. Мөн өрөө тасалгаануудад амьдрах хүний тоогоор ор, ширээ, сандал, хувцасны шүүгээ, хогийн савыг байршуулсан байх ёстой аж.

Түүнчлэн эрүүл ахуйн талаас шавьж, мэрэгчгүйтгэлийг улирал тутам мэргэжлийн байгууллагаар хийлгэх гэсэн стандарт байдаг байна. Гэвч Монголын ирээдүй болсон оюутнууд дотуур байр нэртэй “оромж”-д амьдарч байгаа гэхэд хилсдэхгүй юм.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу