УИХ-ын залуу гишүүн С.Цэнгүүн, “архаг” гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан нарын мэтгэлцээн олны анхаарлыг татаж, сүүлдээ “Шинэ соёлын төвтэй ч тоггүй байх үед” гэсэн агуулгатай шог зураг ч цахим сүлжээгээр тарсан билээ. 

Тодруулбал, УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “2024-2026 оны хооронд 24 суманд шинээр соёлын төв барина гэж төсөвт тусгасан байна. Үүний нийт зардал нь 100 тэрбум төгрөг болно гэжээ. Соёлын төвийг барих нь нэн чухал асуудал биш учраас энэ асуудлыг түр хойшлуулаад, эрчим хүч либералчлах мөнгөө эндээс гаргаж авч болохоор байна” хэмээн хэлсэн.

Харин үүний хариуд Сангийн сайд Б.Жавхлан “Бодвол Улаанбаатарт төрж, өссөн хүүхэд юм шиг байна. Хөдөө очихоор сумын иргэдийн цугладаг ганц газар нь Соёлын төв байдаг юм. Орон нутгаас сонгогдсон гишүүд Соёлын төв нь хаана байдаг вэ гээд, хайгаад давхидаг. Улаанбаатарын иргэд соёлын үйлчилгээ авах болохоороо гоё театрт очиж болдог. Сумын иргэд яах вэ, даавуу татаж байгаад кино үзэх үү. Суманд баригдаж байгаа Соёлын төвүүдийг хайрлаарай” гэж хэлсэн юм. 

Ирэх хоёр жилд 100 тэрбум төгрөгөөр баригдах 24 сумын мэдээллийг Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулиас харлаа. 2024-2026 онд нийт 23 суманд шинээр Соёлын төв барихаар төсөвт тусгажээ. Мөн нэг суманд Соёлын төвийн дулааны шугамын ажил, нэг суманд Соёлын төвийн өргөтгөл, шинэчлэл хийхээр байна. 

2024-2026 онд шинээр Соёлын төв барихаар 2024 оны төсөвт тусгасан сумдын мэдээлэлтэй танилцана уу. 

  1. Архангай аймгийн Өгийнуур сум – Соёлын төвийн барилга – 4 тэрбум 231 сая 900 мянган төгрөг,
  2. Булган аймгийн Бүрэгхангай сум – 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга – 3 тэрбум 831 сая 900 мянган төгрөг,
  3. Дорноговь аймгийн Дэлгэрэх сум – Соёлын төвийн барилга – 4 тэрбум 191 сая 900 мянган төгрөг,
  4. Дорноговь аймгийн Эрдэнэ сум – Соёлын төвийн барилга – 3 тэрбум 456 сая 900 мянган төгрөг,
  5. Дундговь аймгийн Өндөршил сум – Соёл, урлагийн цогцолборын барилга – 2 тэрбум 796 сая 800 мянган төгрөг,
  6. Дундговь аймгийн Баянжаргалан сум – 250 хүний суудалтай Соёлын төвийн барилга – 2 тэрбум 868 сая 900 мянган төгрөг,
  7. Дундговь аймгийн Дэлгэрхангай сум – 250 хүний суудалтай Соёлын төвийн барилга – 2 тэрбум 868 сая 900 мянган төгрөг,
  8. Завхан аймгийн Дөрвөлжин сум – 200 хүний суудалтай Соёлын төвийн барилга – 4 тэрбум 512 сая 500 мянган төгрөг,
  9. Завхан аймгийн Отгон сум – 200 хүний суудалтай Соёлын төвийн барилга – 4 тэрбум 512 сая 500 мянган төгрөг,
  10. Завхан аймгийн Сонгино сум – 200 хүний суудалтай Соёлын төвийн барилга – 4 тэрбум 968 сая төгрөг,
  11. Завхан аймгийн Ургамал сум – 230 хүний суудалтай Соёлын төвийн барилга – 3 тэрбум 628 сая төгрөг
  12. Өвөрхангай аймгийн Төгрөг сум, 1 дүгээр баг – 250 хүний суудалтай Соёлын төвийн барилга – 2 тэрбум 712 сая төгрөг,
  13. Сүхбаатар аймгийн Онгон сум, 5 дугаар баг – Соёлын төвийн барилга – 4 тэрбум 184 мянган төгрөг,
  14. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум – Соёлын төвийн барилга – 3 тэрбум 886 сая төгрөг,
  15. Сэлэнгэ аймгийн Ерөө сум – 400 хүний суудалтай Соёлын төвийн барилга – 3 тэрбум 885 сая 900 мянган төгрөг,
  16. Сэлэнгэ аймгийн Хүдэр сум – 400 хүний суудалтай Соёлын төвийн барилга – 3 тэрбум 627 сая 200 мянган төгрөг,
  17. Увс аймгийн Малчин сум – Соёлын төвийн барилга – 3 тэрбум 750 сая төгрөг,
  18. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум –  Соёл, спортын төвийн барилга – 5 тэрбум 634 сая 200 мянган төгрөг,
  19. Хөвсгөл аймгийн Ханх сум – 200 хүний суудалтай Соёлын төвийн барилга – 4 тэрбум 135 сая 100 мянган төгрөг,
  20. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум – 250 хүний суудалтай Соёлын төвийн барилга – 3 тэрбум 810 сая төгрөг,
  21. Хөвсгөл аймгийн Галт сум, 5 дугаар баг – 400 хүний суудалтай Соёлын төвийн барилга – 5 тэрбум 650 сая төгрөг,
  22. Хөвсгөл аймгийн Мөрөн сум – 890 хүний суудалтай Хөгжимт драмын театрын барилга – 29 тэрбум 809 сая 600 мянган төгрөг,
  23. Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1 дүгээр хороо – 850 хүний суудалтай Соёлын ордны барилга 12 тэрбум 339 сая 100 мянган төгрөгөөр шинээр баригдана.

Нийтдээ Архангайн нэг, Булганы нэг, Өвөрхангайн нэг, Сүхбаатарын нэг, Увсын нэг, Дорноговийн хоёр, Дундговийн гурав, Сэлэнгийн гурав, Завханы дөрөв, Хөвсгөлийн таван сум, Улаанбаатарын нэг дүүрэгт шинээр Соёлын төв барихаар төсөвт тусгажээ. 

Мөн Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд Соёлын төвийн дулааны шугамын ажил хийхэд 608 сая 200 мянган төгрөг, Увс, Зүүнхангай суманд Соёлын төвийн өргөтгөл, шинэчлэл хийхэд 952 сая 300 мянган төгрөг төсөвлөсөн байна.

Б.Хонгорзул

1 сэтгэгдэл

  1. Эдгээр сум нь хуучин ч гэсэн Соёлын төвтэй л байхдаа.Соёлын төв барина гэж ярьж байхаар төвтэй нь холбосон зам тавиад өгчих хэрэгтэй шүү.Барьсан барилга нь яадаг билээ дээ..Хана нь хагарч буурдаг.дээвэр нь хийсдэг.пасад нь унадаг.суурь суудаг шүү.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу