Украинчууд бөөнөөрөө эх орноо орхин явсаар байгаа ажээ. Сая сая хүн хэдийнэ эх нутгаа орхин дүрвэсэн байна. Ажилчид цомхотголд орж, эдийн засаг нь сульдаж, нөхцөл байдлыг засаж сайжруулна гэсэн Зеленскийн амлалтууд хоосон үг болж хувирсан талаар “РИА Новости” агентлаг мэдээлжээ.

Урт хугацааны чиг хандлага

Украинд хүн ам зүйн сүйрэл нүүрлэснийг Зеленский хүлээн зөвшөөрчээ. Энэ удаагийнх шиг хүн амын гадагшлах урсгал түүхэнд байгаагүй байна. Одоогийн байдлаар 6.6 сая гаруй украин дэлхийн улс орнуудад амьдарч байгаа бөгөөд түүний ойролцоогоор 1.3 сая нь ОХУ-д байгаа аж.

ЗХУ-ын үед Украин бараг 52 сая хүн амтай, холбооны хоёр дахь том бүгд найрамдах улс байжээ. Гэхдээ хүн ам нь 2014 онд 45 сая, 2019 онд 42 (Киевт алдсан Крым болон Донецк, Луганск мужуудын зарим хэсэг багтаад) сая болсон байна.

Зеленский сонгуулийн сурталчилгааныхаа үеэр энэ байдлыг засахаа амалжээ. Тэрбээр “Таван жилийн дараа хүн амын тал хувь нь эндээс явбал энэ бүх үйлдвэр, аж ахуйн нэгж, бүх шинэчлэлийг юуны төлөө хийсэн болох билээ” хэмээн хэлсэн аж.

Гэсэн хэдий ч байдал улам дорджээ. Украины Нийгмийн бодлогын дэд сайд Дарья Марчак “Одоогийн байдлаар Киевийн хяналтад байгаа нутаг дэвсгэрт 31 сая хүн амьдарч байна” гэж мэдэгдсэн байна. Ийм гунигтай үр дүнд хүрсэн цорын ганц шалтгаан нь дайн биш аж.

Хоосон найдлага

Украины Үндэсний шинжлэх ухааны академийн Хүн ам зүй, нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал Элла Либанова төрөлт маш бага байгааг тэмдэглэжээ. Өнгөрсөн 2023 онд ердөө 187 мянган хүүхэд мэндэлсэн байна.

Энэ оны эхний хагаст төрөлт 88 мянга байгаа нь 2023 оны мөн үеийнхээс есөн хувиар буурсан үзүүлэлт аж. Мөн нас барсан хүний ​​тоо 250,972 буюу нас баралтын түвшин төрөлтөөс гурав дахин их байгаа юм байна.

Украины Нийгмийн бодлогын яам хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд нэг эмэгтэй 2.2 хүүхэдтэй байна гэж тооцжээ. Европын холбоонд 1.5 бол Украинд 2022 оны 2-р сар хүртэл 1.2, 2023 онд 0.9 байсан аж.

Зеленский “Мөргөлдөөн дууссаны дараа төрөлтийн тоо өссөнөөр хүн ам зүйн зөрүүг арилгана” гэж таамаглажээ.

Тус улсын Хүн ам зүйн хүрээлэнгээс “Хүн амын тоо 50 байтугай 40 сая ч хүрэхгүй. Хэрэв 1991 оноос өмнө төрсөн бүх хүнийг оролцуулан тооцвол 2033 он гэхэд хамгийн дээд тал нь 35 сая хүн амтай байна. Өөрөөр хэлбэл, бодит байдал дээр хүн амын тоо буурна” гэж мэдээлжээ.

Үүний зэрэгцээ гол төлөв хүүхэд, залуучууд цагаачилсан тул хүн амын дунд хөгшрөлт зонхилох аж. Либанова “Украин удаан хугацаанд ядуу улс байх болно. Бүх орны ядуус цөөн хэдэн хотод төвлөрдөг” гэж анхааруулжээ.

Ашгийн хямрал

Украины Төв банк энэ онд 400 мянга, ирэх онд 300 мянган хүн эх орноо орхино гэж таамагласан байна. Тус банк өнгөрсөн дөрөвдүгээр сард 2024 онд гадагшлах урсгал хоёр дахин нэмэгдэж, 2025 онд бараг хагас саяын өгөөж хүртэнэ гэж тооцоолжээ. Эрчим хүч, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан таамаглал зөрсөн байна.

Ямар ч ирээдүйгүй эдийн засаг

Украины банкуудын мэдээлснээр, тус улсын идэвхтэй хөдөлмөр эрхэлдэг хүн ам ердөө есөн сая байгаа аж. Өнгөрсөн жил ойролцоогоор 12 сая байжээ. Тус улсын Төв банкны дэд тэргүүн Сергей Николайчук 2021 оноос хойш нийт ажиллах хүчний 27 хувь нь “алга болсон” гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн дайчилгааны журмыг чангатгасантай холбоотойгоор хөдөлмөрийн зах зээлд эрэгтэй ажилтны ​​хомсдол үүсчээ. Тэдний оронд эмэгтэйчүүд ирж ажиллаж байгаа аж. Киев 2022 оноос хойш газар доорх болон үйлдвэрийн аюултай нөхцөлд эмэгтэйчүүдийг ажиллуулах хоригийг цуцалсан ч энэ нь хангалтгүй байгаа аж.

Нэг талаас эрх баригчид эдийн засгаа дэмжих, нөгөө талаас Украины Зэвсэгт хүчинд элсэгчдийн шилжилт хөдөлгөөний асуудлыг шийдэх шаардлагатай тулгарчээ. Зеленский барууныг зорьсон эрчүүддээ “эх оронч сэтгэлтэй” байхыг удаа дараа уриалсан ч тэд түүнд итгэхээ больсон бололтой.

Мөн тэрбээр барууны удирдагчдад хандан, цэргийн алба хаасан хүмүүсийг буцаан авахад нь дэмжлэг үзүүлэхийг шаардсан ч төдийлөн санаснаар нь болоогүй аж.

Унгар, Польш улсад ажиллах хүч нэн шаардлагатай байгаа бөгөөд Зүүн Европоос ирсэн олон зуун мянган цагаачийг тэнд дуртайяа хүлээн авч буй юм байна.

Цэргийн тусгай ажиллагаанаас өмнө Польшийн зарим тээвэр, барилгын компаниудын ажилчдын 30 хүртэлх хувь нь украинчууд байсан аж. Өнгөрсөн онд тэдний тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулсан хувь нэмэр 1.1 хувьд хүрсэн байна.

Чех улсад 2024 оны эхний улиралд украинчууд авсан тэтгэмжээсээ бараг хоёр дахин их татвар төлжээ. Үүнээс гадна цагаачдыг хүлээн авсан нь Брюсселиэс санхүүгийн нэмэлт хөнгөлөлт шаардах үндэслэл болсон байна. Тиймээс Украины хүн ам зүйн хямрал барууныханд ч ашигтай байгаа аж.

Украины шинжээч Алексей Куш “Сүүлийн 30-40 жилийн хугацаанд Франц, Герман, Скандинавын орнуудын хүн ам төрөлттэй холбоотой асуудалтай байсан ч Польшийн төрөлт өндөр байна гэж сайрхах аргагүйг статистик мэдээллээс харж болно. Энэ нь сая орчим украиныг татсан” гэж онцолжээ. Зөвхөн шилжин суурьшилтын улмаас хүн ам зүйн цоорхой үүсдэггүй байна.

Олон улсын цагаачлалын байгууллагаас мэдээлснээр, украинчуудын 70 хувь буюу  дөрвөн сая гаруй нь Европт үлдэхээр төлөвлөж буй бөгөөд нутагтаа буцаж ирэхийг хүсэхгүй байгаа аж. Одоогийн нөхцөл байдалд үндэслэн гурван үеийн дараа Украины хүн ам 10-15 сая болж буурна. Төр оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй гэж таамаглажээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу