Монголчуудын аж амьдрал нэгэн хэвийн тойрогт ороод уджээ. Өвлийн цагт өнөөх л олон асуудлыг нүдээ аньсан ч хэлж, хэлэлцэж чадахаар болтлоо муулдаг. Түгжрэл, утаа, цас мөс, халиа тошин, нийтийн тээвэр, архидалт гэх мэт. Эдгээр нь өнөөдрийг хүртэлх бидний хүрсэн ололт амжилтаас яаж ч бодсон тоогоороо ч, чанараараа ч илүү байсаар иржээ.
Засаг солигдох бүрд шинээр томилогдох албатуудын ажлын төлөвлөгөө, төсөөлөл, тендер зэргийг өвөлжин ярьж бараа сургийг нь харж амжилгүй дараагийн засагт шилжинэ. Ингээд л өнөөх асуудлуудаа арай гэж зах зухаас нь өөлж тордож, өнөөдрийг хүргэсэн гэхэд хилсдэхгүй.
Нэг үеэ бодвол харин шинэчлэх зүйлсээ алдаг оног сольжээ. Нийтийн тээврийг арав гаруй жил даарч хөрж, эвдэрч, гацаж хүлээсний эцэст сольсон. Тэгээд л махны үнэ, тог цахилгаан, утаагүй түлш гэх мэт дахиад л үргэлжилнэ.
Гэхдээ хавар болмогц торон дотроос гарсан шувуу шиг л тал тал руу нисэж одно шүү дээ. Хийж дуусаагүй зам талбай, байшин барилга нэг их сонин биш. Өвлийн турш жижигхэн хотдоо бөөгнөрсөн иргэд налгар зуны өдрүүдэд харин ч нэг зугаацаж авна даа.

May be an image of fireworks

“Ядахад” гэдэг шиг хамтлаг дуучдын тоглолт, шоу цэнгээн жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд гэхэд л 10 гаруй томоохон шоу тоглолт нийслэл хотод болов. Эдгээрээс дурдвал,
“5 сарын 31-нд – Зуны Зугаа  
6 сарын 8-нд – Desant- Big Fish
7 сарын 4,5,6,7-нд – Playtime
7 сарын 10-нд – The HU
8 сарын 9-нд – All in Hit 1
8 сарын 10-нд – The Night
8 сарын 17-нд – Jah Khalib
8 сарын 17-нд – Ginjin MrsM
8 сарын 24-нд – Big Gee
8 сарын 24-нд – Харанга
8 сарын 25-нд – All in Hit 2”  зэрэг тоглолтууд нийслэл хотод болжээ.
Хамгийн сонирхолтой нь, эдгээр тоглолтууд цөм суудал дүүрэн үзэгчтэй нижгэр болсон. Мөн хөдөө орон нутагт ч тоглолт тасраагүй. Архангай аймагт болсон АРА фестивалийн хүрээнд хоёр өдрийн турш хамтлаг дуучид ая дуугаа өргөж, ард иргэд наргиж цэнгэсэн.

Хүй долоон худаг”-т худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй ААН-үүдийн анхааралд - Гэрэл гэгээ

Дүүрэн, дүүрэн билигтэй Дэлгэр найрын хойморт суугаа монгол хүнд ирэх намар, өвлийн асуудал нэг их сонин биш л дээ. Найр наадам, шоу тоглолтын соёлд ч нэвт шувт суралцаагүй бид яаж л баярладаг билээ дээ. Цэнгэлдэхийн ногоон талбай цагаан болтол шар айргийн лаазаар дүүрсэн байсныг АРА тоглолтын дараа харж л байсан.
Мөн цаашлаад,
“8 сарын 31нд — Triple X
9 сарын 7нд — Young Kings
9 сарын 7нд — XMF ● Tsetse 
9 сарын 14нд — Rokitbay
9 сарын 15нд – Rain” гэх мэт тоглолтуудын тов нь гарчихсан хүлээж байна.
Эдгээр тоглолтыг ихэвчлэн хүүхэд залуус үздэг гэдэг ч энэ жилийн тухайд дуунд хайртай бүх л хүн үзэж сонирхсон бололтой.
Хэн нэгэн хамтлагийн тайлан тоглолт, уран сайхны ажлыг үгүйсгэх гээгүй бөгөөд бидний нэг асуудлаа мартаж, нөгөө асуудлыг чин зүрхнээсээ хүлээж авдаг занг л хэлсэн төдий болно.
Одоо ажил, хичээл жигдэрч суурин болоод ирэхийн цагт бидний үглэх, өөлөх, муулах нь тэнгэрт тулаад ирнэ. Анхнаасаа л байсан асуудлаа шийдэж, үр дүнг нь үзэлгүй өөр тийш хошуурч, хошуурч ирээд, “Өө, манайхан нээрээ хөгжихгүй ээ” гэж ярих нь нэг л дутуу дулимаг.
Ингээд найр хурын улирал дуусаж, нарийхан зам дээр утсаа ухан, бие биеэ “хэмлэх” өдрүүд хаяанд ирлээ.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу