АНУ-ын эрх баригчид Унгар Улсын иргэн Бенсе Хорватыг Америкийн Экспортын тухай хуулийг зөрчсөн хэргээр баривчилжээ. Мөн түүнийг АНУ-аас америк загварын радио станцууд худалдан авч, ОХУ руу тээвэрлэсэн хэрэгт буруутгаж байгаа аж.

АНУ-ын Хууль зүйн яамны вэб сайтад “Унгарын иргэн Бенсе Хорватыг наймдугаар сарын 23-нд Калифорниа мужийн Сан Франциско хотын нисэх онгоцны буудлаас саатуулсан” гэж мэдээлжээ.

Америкийн прокурорын мэдээлснээр, Хорват АНУ-аас 200 орчим радио станц худалдаж авсан байсан тул хил дээр саатуулсан байна. АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлснээр, баривчлагдсан этгээд өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн радио станцууд экспортлохоор Америкийн компаниудтай хэлэлцээ хийжээ.

Улсын яллагчийн үзэж байгаагаар, Унгарын иргэн Латвиар дамжин, Оросын нутаг дэвсгэрт цахилгаан бараа тээвэрлэхээр төлөвлөж байсан аж.

АНУ-ын Хууль зүйн яам шүүхийн баримт бичгүүдээс иш татан, “Хорват нь Оросын Засгийн газартай холбоотой бөгөөд үндэстэн дамнасан худалдааны сүлжээг удирдаж байсан” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: VESTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу