Өмнөдөөс Хойд Солонгосын хил даван, олзлогдож байсан АНУ-ын цэрэг Травис Кинг цэргийн албанаас оргон зайлсан, танхайн хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ.

Кингийн өмгөөлөгч Фрэнк Розенблатт өнгөрсөн Даваа гарагт “АНУ-ын зэвсэгт хүчний жирийн цэрэг Травис Кинг өөрийн үйлдлийнхээ хариуцлага, гэм буруугаа хүлээж буй. Түүнийг зэвсэгт хүчин Цэргийн шударга ёсны дүрэм журмын дагуу арван дөрвөн гэмт хэрэгт буруутгаснаас оргон зайлсан зэрэг таван гэм буруугаа хүлээж байна” гэж мэдэгджээ.

Розенблаттын хэлснээр, Кинг дураар аашилж, цэргийн алба хаагчийн биед халдсан хэргээ хүлээсэн байна. Өмгөөлөгч хэлэхдээ “Түүнийг хүүхдийн садар самуун сурталчилсан гэх мэт хэргүүдэд буруугүй гэж үзэж буй бөгөөд шүүхээс тэдгээр хэргүүдийг хэрэгсэхгүй болгоно гэж найдаж байна” гэжээ.

Кингэд холбогдох хэргийн шүүх хурал ирэх есдүгээр сарын 20-нд Техас мужийн Форт Блисст товлогдсон байна. Розенблатт “Травис өөрийг нь дэмжсэн найз нөхөд, гэр бүлийнхэндээ болон хууль, хяналтын бусад хүмүүст талархаж байгаагаа илэрхийлсэн” гэж хэлжээ.

Кингийг Цэргийн шударга ёсны дүрэм журмын дагуу цэргийн албанаас оргон зайлсан, хүүхдийн садар самууныг сурталчилсан, офицерын биед халдсан, ахлах офицерын  өгсөн даалгаврыг биелүүлээгүй зэрэг нийт найман төрлийн 14 зүйл ангиар буруутгасан байна.

Түүнд холбогдох хэргийг өнгөрсөн долдугаар сард АНУ-ын зэвсэгт хүчний тусгай алба хариуцаж авсан талаар тус газрын хэвлэлийн төлөөлөгч Мишель МакКаскилл өмнө нь CNN-д ярьжээ.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу