ОХУ Украины 15 бүс нутгийг хамарсан эрчим хүчний дэд бүтцэд нисгэгчгүй онгоц, пуужингаар довтолсны улмаас дор хаяж долоон хүн амиа алдаж, 47 хүн шархадсаны дөрөв нь хүүхэд аж. ОХУ “Украины цэргийн аж үйлдвэрийн цогцолборыг дэмжих байгууламжуудыг онилсон” гэж баталжээ.

Украины Агаарын цэргийн хүчний командлагч Микола Олещук “Украины зэвсэгт хүчин Оросын хөөргөсөн 127 пуужингийн 102-ыг, 109 нисгэгчгүй онгоцны 99-ийг нь устгасан. 2022 оны хоёрдугаар сард Орос бүрэн хэмжээний түрэмгийллээ эхлүүлснээс хойшхи “хамгийн том” халдлага боллоо” гэж мэдээлсэн байна.

Польшийн тал “Оросын халдлагын үеэр агаарын орон зайд нисгэгчгүй онгоц нэвтэрч, Польшийн нутаг дэвсгэрт газардсан байж болзошгүй” гэж мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын халдлагыг буруушааж, Киевийг боломжит бүхий л хувилбараар дэмжиж буйгаа мэдэгдсэн байна.

Кривой Рог хотын цэргийн захиргааны дарга Александр Вилкул “ОХУ Украины төв хэсэгт орших Кривой Рог хотын барилга руу пуужингаар харвасны улмаас нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн шархадсан, таван хүн нурангид дарагдсан гэж таамаглаж байна” хэмээн мэдэгджээ.

“Reuters” агентлагийн зургаан ажилтны ​​байрлаж байсан “Краматорск” зочид буудал пуужингийн цохилтод өртөж, сэтгүүлч Иван Любыш-Кирдей бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж.

Мөн халдлагын үеэр Аюулгүй байдлын зөвлөх Райан Эванс амиа алдсан бол сэтгүүлч Даниел Пелесчук гэмтлийн улмаас эмнэлэгт эмчлүүлээд гарчээ. Үлдсэн гурван хүн ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй байна.

ОХУ “Курск муж дахь Украины хүчнийхний 12 байршилд агаар, их буу, явган цэргийн цохилт өгсөн” гэж мэдэгджээ. Москва “Киевийн наймдугаар сарын 6-нд хил дагуу гэнэтийн дайралт хийсэн Курскийн долоон газрыг аюулгүй болгосон” гэж мэдэгдсэн байна. Мөн Украины хөрш Сумы муж дахь Украины хүчний 16 байршилд цохилт өгчээ.

A badly damaged car amid rubble and debris. People are standing around. There are damaged houses in the background.

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн ерөнхий захирал Рафаэль Гросси Мягмар гарагт ОХУ-д айлчлах үеэрээ “Курскийн атомын цахилгаан станцад шалгалт хийх төлөөлөгчдийг өөрийн биеэр удирдана” гэж мэдэгдээд, “ноцтой нөхцөл байдал”-тай байгааг тэмдэглэжээ.

Оросын Саратов мужийн орон нутгийн албаны хүмүүс “Саратов, Энгельс хотуудад Украины нисгэгчгүй онгоц халдлагад өртөн, дөрвөн хүн шархадсан” гэж мэдэгдсэн байна. Энгельс нь Украины өмнө нь онилсон, цэргийн нисэх онгоцны буудал байрладаг хот юм.

Улс төр ба дипломат ёс

“Байден, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар Украины дайны талаар хэлэлцлээ” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ. Энэтхэгийн удирдагч өнгөрсөн долоо хоногт буюу Киев 1991 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойш Украинд анх удаа айлчилсан. Моди цахим хуудсаараа дамжуулан “Энэтхэг улс энх тайван, тогтвортой байдлыг сэргээхийг бүх талаар дэмжиж буйгаа дахин илэрхийлж байна” хэмээн мэдэгджээ.

Оросын шүүхээс “Цэргийн асуудлаар хууль бусаар мэдээлэл цуглуулсан хэрэгт буруутгагдаж буй Францын иргэн Лоран Винатьед холбогдох хэргийн шүүх хурал есдүгээр сарын 3-нд эхэлнэ” гэж мэдэгдсэн байна. Хэрэв Винатье гэм буруутай нь тогтоогдвол таван жил хорих ялаар шийтгүүлэх аж. Женевт төвтэй “Хүмүүнлэгийн яриа хэлэлцээний төв” ТББ-ын судлаач түүнийг өнгөрсөн зургадугаар сард баривчилсан байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Швейцарьт болсон албан бус хуралдааныг алгассан цорын ганц гишүүн нь Орос байсан бөгөөд хуралдаанд оролцсон 14 гишүүн олон улсын хүмүүнлэгийн асуудлаар тууштай байр суурь баримталж буйгаа дахин илэрхийлжээ. Нью-Йорк дахь Оросын төлөөлөгч энэ уулзалтыг “цагийн гарз” гэж тодорхойлсон байна.

Зэр зэвсэг

Украин Оросын нутаг дэвсгэрт хүчтэй цохилт өгөх зорилгоор алсын тусгалын шинэ зэвсэг болох “Palianytsia” пуужин-дрон бүтээснээ мэдэгдэв. Тус улсын Батлан ​​хамгаалахын сайд Рустем Умеров “Оросын цохилтуудад хариу барина” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: ALJAZEERA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу