Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, нөөцлөх, нөөшлөх боломж бий болгох, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг наймдугаар сарын 1-нээс есөн дүүргийн 21 байршилд зохион байгуулж буй.
Энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн уг арга хэмжээний хүрээнд хямд үнэтэй, чанартай хүнсний ногоо худалдаалж байгаад иргэд ам сайтай байлаа.
Тариаланчдын хувьд нарийн ногооны ургац хураалт тавдугаар сарын сүүлчээр эхэлдэг байна. Хүлэмжид тарьсан нарийн ногоо эргэлт хурдан тул эрт худалдаалагдаж эхэлдэг. Харин бүдүүн ногоо болох төмс, лууван, манжин, байцааны ургац хураалт ид дундаа үргэлжилж буй.

Нийслэлийн тодорхой байршлуудад гарсан өргөтгөсөн худалдааны эргэн тойрон хөл хөдөлгөөн тасрахгүй байлаа. Бидний зорин очсон ногоон контейнерийг Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр орчмын иргэд андахгүй мэддэг аж. Хүлэмжид өөрсдийн гараар тарьж ургуулсан шимт ногоо худалдаалдаг гэр бүл энэ жил ч мөн хямдралтай үнээр, өргөтгөсөн худалдаа зохион байгуулжээ.

Худалдагчтай худалдаа наймааны талаар яриа эхлүүлэхээр очвол иргэдэд үйлчлээд зав гаргаж чадахгүй байлаа. Иргэд нарийн ногоо шинээр ирсэнд талархан, барьж үзээд авна. Найр хуримын сарууд дуусаж, иргэд суурин болж байгаа энэ үед худалдаа наймаа тогтворжиж эхэлдэг байна.
Худалдагч завгүй байх хооронд хүнсний ногооны үнэ ханшийг сонирхлоо. Үүнд: 
Төмс – 1000-1500 төг
Байцаа – 1000-1200 төг
Лууван – 2000-3000 төгрөг
Огурцы – 1000 төгрөгөөс дээш 6000 хүртэл (сортоос хамаарна)
Манжин – 2000-2500
Сонгино – 2000-2500
Ногоон сонгино – 2000 зэрэг үнэтэй байлаа.
Хүн тасрахгүй шахам худалдан авалт хийх бөгөөд яриа өгөхөөс татгалзсан нэгэн иргэн “Шинэ ургацын эрүүл хүнс худалдан авч байгаадаа талархаж байна. Энэ мэтчилэн үнэ ханш нь боломжийн хэвээр байдаг бол сайхан байна. Энэ газрыг өөрсдөө тарьж ургуулсан ногоогоо зардаг гэдгээр нь сайн мэднэ. Энэ мэтчилэн олон тариаланч өөрсдийн гар дээрээс шууд зардаг болвол сайн сан” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Х\удалдагч “Найр наадмын өдрүүдэд л худалдан авалт жаахан мууддаг юм. Сүүлийн хэдэн өдөр эрс сайжирсан. Иргэд хэрэгцээндээ тааруулж авахаас гадна, хураах хадгалах савтай, зоорьтой айлууд их хэмжээгээр ч авах нь элбэг.
Элдэв бордоо, бодис ашиглаагүй эрүүл хөрсөнд, өөрсдийн гараар тарьсан ногоог худалдаалж байгаадаа ам бардам байдаг даа. Хятад ногоо бол хямд л болохоос амт чанар гэж хэцүү шүү дээ. Гэхдээ монгол ногоо гээд нэг их үзэмжгүй шороотой ногоо зардаггүй. Аль болох л хамгийн сайн сортын ногоо тариалж, худалдаалахыг боддог доо” хэмээн ярилаа.
Үнэхээр л хичээл сургууль эхэлж, нийслэлийн иргэдийн хөдөлгөөн тогтворжиж байгаа энэ үед хүнсний ногооны эрэлт нэмэгддэг. Түүнийгээ дагаад эрүүл, хямд хүнсний ногооны худалдаа ч сайжирдаг.
Хүч хөдөлмөрөө гаргаж, эрүүл сайн бүтээгдэхүүн ургуулж байгаа тариаланчдын хөдөлмөрөө үнэлүүлэх хэсэгхэн хугацаа ч гэж хэлж болохоор. “Намрын ногоон өдрүүд 2024” арван нэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд энэ мэтчилэн эх орны өнцөг булан бүрд үзэсгэлэн худалдаа үргэлжилж, иргэдийг эрүүл сайн ногоогоор хангаж буй нь сайшаалтай.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу