УИХ-ын ээлжит бус чуулганы Мягмар гаргийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.

“ЗЭСИЙГ ЯАГААД БИРЖЭЭР ЗАРАХГҮЙ БАЙНА ВЭ”

Ж.Ганбаатар: Нүүрсээ биржээр арилжаална

УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАР: -Биржийн тухай хууль хэрэгжиж хэлээд хоёр жил болж байна. Нүүрсээ 2024 онд 100 хувь биржээр зкарах ёстой. 2023 онд бид Эрдэнэс Тавантолгой -н нүүрсийг биржээр зарсан. Гүйцэтгэлийг нь харахаар, биржээр хагас жилээс хойш нүүрсээ ерөөсөө зарахгүй байна.

Сангийн сайд мэдэж байгаа болов уу гэж бодож байна. Дээр нь зэсийг яагаад биржээр зарахгүй байна вэ. Хоёр удаа зарсан байна, дахин зараагүй, зогссон юм уу, эсвэл амжилтгүй болоод байгаа юм уу

Биржийнхээ тухай хуулийг дагаж мөрдөхгүй бол 60 байснаа 72 сая тонн нүүрс борлуулахаар тодотголоор орж ирж байгаа юм байна шүү дээ. Нүүрсний үнэ эрдсэлтэй байна. Төсвийг бүрдүүлж буй гол зүйл бол нүүрс, зэс. Эрдэнэс Тавантолгой энэ дээр ямар тайлбартай байна вэ.

Явцын дунд Биржийн тухай хууль буруу байна, больё оо гэж магадгүй шүү. Буцаад янз янзын юм руугаа орох магадлалтай. Хоёр асуулт байна. Нэгд, зэсийг яагаад биржээр зарахгүй байна вэ? Хоёрт, нүүрс биржээр хэдэн хувьтай зарж байна вэ?

“БИРЖИЙН АРИЛЖАА УДААШРАЛТАЙ БАЙНА”

Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.ЭНХ-АМГАЛАН: -Биржийн тухай хууль батлагдаад, хэрэгжиж байна. 2024 оны хувьд биржээр нийт 16.8 сая тонн нүүрс борлуулсан байна.

Гишүүний хэлснээр, сүүлийн хагаст биржийн арилжаа удаашралтай байна. Дөрөв, таван сард дунджаар сард 4 сая тонн нүүрс арилжиж байсан бол долдугаар сард 1.7 сая тонн нүүрс арилжсан. Гурав дахин буурсан гэсэн үг. Наймдугаар сарын хувьд 700 орчим мянган тонн нүүрс арилжаад байна.

Нүүрсний арилжаа буурсан шалтгаан нь, гадаад зах зээл дээр үнэ нь буурсантай холбоотойгоор гаднаас эрэлт буурсан байна. Түүнээс гадна үнэ нь эргэж өснө гэсэн хүлээлттэй байгаа учраас үнийн өсөлтийг хараад компаниуд зарах санал их гаргахгүй байна.

Зэсийн баяжмалын хувьд 4, 5 дугаар сард нэг нэг удаа биржээр арилжаалсан. Үүнээс хойш сардаа нэг удаа арилжаа хийх чиг хандлагатай байсан ч одоогоор арилжаа хийгдээгүй байна. Зэсийн баяжмалын талаар Эрдэс баялаг, аж үйлдвэрийн яамнаас тодруулах нь зүйтэй байх.

“ХИЛЭЭР ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА УЧРААС БИРЖ  ДЭЭР ДАХИН АРИЛЖАА ЗАРЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛЧИХООД БАЙНА” 

May be an image of 1 person and text

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: -Өнгөрсөн Засгийн газрын үед төрд бүртгэлтэй баялгуудыг биржээр олон нийтийн өмнө ил тод арилжаалагдах ёстой гэдэг асуудлыг санаачлан хэрэгжүүлсэн. 2023 онд энэ ажлууд амжилттай эхлээд, 2023 оны гүйцэтгэл болоод Монгол Улсын сүүлийн хоёр жилийн төсөв нэмэх гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Энэ жил хэмжээ нь жаахан нэмэгдэхээр тээвэр дээрээ боомилогдоод байна.

Тээврийн ачаалал нэмэгдсэн. Миний сонссоноор Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн төмрийн хүдэр биржээр арилжаалагдсан хэмжээгээрээ хил дээр очиж чадахгүй байна. Хилээр гаргаж чадахгүй байгаа учраас бирж дээр дахин арилжаа зарлах боломжгүй болчихоод байна. Өмнөх захиалгуудаа хүргэж чадахгүй учраас дараа дараагийн арилжаанууд биржийн шалтгаангүй бирж дээр гацчихаад байгаа юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу