УИХ-ын сонгуулийн араас орон нутгийн сонгууль дуншиж байна. Парламентын сонгуульдаа найман аймаг, нэг дүүргээ Ардчилсан намд алдсан МАН-ынхан бэлтгэл ажлаа базаагаад эхэлчихсэн. Харин Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хамтарсан Засагт орсондоо цатгалан чоно шиг аяглаж, намаа зөнд нь хаяад байгаа юм.

Асуудал дүүрэн Улаанбаатараас УИХ-ын сонгуульд хамгийн олон суудлаа авна гэж тооцсон Ардчилсан намынхан их санасан газраа есөн шөнө хоосон хононо гэдгийн үлгэр болж дөрөвхөн суудал авсан. УИХ-ын сонгууль орон нутгийн сонгуулийн толь больдог. Энэ янзаараа Ардчилсан нам нийслэлд ялалт байгуулах дүр зураг бүдэг байна. Ялангуяа Нийслэлийн Ардчилсан намыг Т.Батцогт толгойлж байгаа цагт намаа улам бүдгэрүүлж байгаа юм. Өнгөрөгч УИХ-ын сонгуульд нийслэлийн намаа удирдан оролцоно гэж байсан тэрбээр эцсийн мөчид үүрэх хариуцлагаасаа зугтан УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшин өвдөг шороодсон. Түүний хувьд намаа ялуулах, намын эрх ашгийг нэн тэргүүнд тавилгүй хувийн амбиц, ашиг сонирхлоор асуудалд хандаж, нэр дэвшигчид нь хоорондоо толхилцсоор нийслэлд намаа ялагдуулсан.

Ардчилсан намын МоАХ фракц Т.Батцогтыг зүтгүүлэн нийслэлийн намаа авсан цагаас хойш сөрөг хүчнээ ч хийсэнгүй, сүйдтэй мэдэгдэл ч гаргасангүй. Нийслэлийн сонгуульд ч нэг их гавихгүй янзтай. УИХ-ын сонгуульд өчиггүй ялагдсан Т.Батцогттонгууд орон нутгийн сонгуульд даагаа нэхэх юм байна. Х.Баттулга үнэхээр намдаа гавьяа байгуулж нийслэлд ялалт байгуулья гэвэл Т.Батцогтоо даруйхан солих хэрэгтэй. Солих ч гэж хөөж явуулах хэрэгтэй гэдгийг мэдэж байх учиртай. МАН-д найр тавьж, Т.Батцогт л ялж нам нь ялагдах хамаагүй гэвэл түүгээр намаа удирдуулна биз.

Намын гишүүдийнхээ нэр дэвших хүсэлт өгсөн тойргуудыг өөрийн мэт өмчилж чамайг нэр дэвшүүлнэ, чамайг дэвшүүлэхгүй хэмээн ширээний ард нударга зангидан суугаа хүн Т.Батцогт. “МАН-д сул өгөх тойрог болохоор нэр дэвшүүлэх боломж алга” хэмээн зарим хүмүүстээ хэлээд гаргасан сураг байна. Намынхан нь ч бөөн уур бухимдал. Аль ч намын нийслэл хариуцсан дарга нар намаа ялуулж дөрвөн жил засаглахаа боддоггүй юм уу. Эсхүл нийслэл, дүүргийн хэдэн тендерт сэтгэл цадаад намаа хаясаар байх уу гэдэг асуулт гарч ирж байна. МАН засаглахын тулд Т.Батцогт мэтэд багахан “юм” хаячихаа мэднэ. Тиймээс амин хувийн ашиг сонирхлоо намын бодлогоосоо давуулан харж байгаа удирдлагуудаасаа Ардчилсан нам салах цаг болжээ. Товчхондоо, Т.Батцогтыгоо хөөж явуулаагүй цагт Нийслэлд Ардчилсан нам өөдөө нар үзэхгүй нь ээ.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу