БНХАУ-ын Тяньжин төмөр замын өртөөнд энэ сарын 20-ны өдрийн байдлаар Монгол руу ачигдах 10200 TEU буюу 5100 орчим чингэлэг “гацсан” хэвээр байгаа ажээ. Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо (МТЗНХ)-ноос мэдээлснээр, наймдугаар сарын 1-нээс 19-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 26 галт тэрэг гарсан байна.

Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 90-120 хонож гарч буй аж. Тус боомтод өнгөрсөн хавраас хойш чингэлгийн бөөгнөрөл үүссэн. Монгол Улс руу гарч буй галт тэрэгний цувааны тоог бууруулсан, хуучин автомашины импорт нэмэгдсэн зэрэг нь бөөгнөрөл үүсэх шалтгаан болжээ.

МТЗНХ-ны Удирдах зөвлөлийн дарга Н.Энхнасан энэ сарын 19-ний өдөр БНХАУ-ын Тяньжин боомтын захиргааны удирдлагууд болон “Коско Шиппинг Лайн” компанийн удирдлагуудтай уулзсан байна.

Тус уулзалтаар БНХАУ-аас Монгол Улс руу ирэх импортын чингэлгүүдийн татан авалтыг нэмэгдүүлэх, хоногт 3-4 болгох, тус боомт дээрх Монгол Улсын импортын чингэлгийн хуримтлалыг багасгах тал дээр дорвитой арга хэмжээ авах талаар хэлэлцжээ. Энэ үеэр Хятадын тал чингэлэг тээвэрлэлтийн гарцыг нэмэгдүүлэн, боомтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарлаа хандуулж, хичээн ажиллахаа мэдэгдсэн байна.

“Монложистик Ворлдвайд” компанийн Гүйцэтгэх захирал И.Цогбаяр өмнө нь “Чингэлгийн хүлээгдэх хугацаа уртассанаар тээврийн зардал өсөж байна. Улмаар бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляцын түвшин нэмэгдэх эрсдэл бий. Энэ нөхцөл байдал богино хугацаанд шийдэгдэхгүй, он дуустал үргэлжлэх төлөвтэй байна” хэмээн мэдээлсэн билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу