Сонгуулийн улмаас хоёр сараар хоцорч эхэлсэн Жамъян гүний гудамжны дулааны шугамын засвар, шинэчлэлтийн ажил аравдугаар сард дуусах төлөвтэй байна. Нийслэл хотын төв хэсэгт орших уг авто замын хөдөлгөөнийг долоодугаар сарын 15-нд хааж, магистраль шугамын засварыг эхлүүлсэн. Харин одоог хүртэл бүрэн гүйцэт хийгдсэн ажил байхгүй гэмээр овоолсон шороо, эвдэрсэн зам л байгаа нь нууц биш.
          
Төв номын сангийн буудлаас дээш өгсөн явбал явган хүний төмөр гүүр угтана. Гүүрний хоёр талаар хүүхэд байтугай том хүн унаж бэртэхээр том хагарал, нүх үүсжээ. Чухал шаардлагатай хамаг ажлаа нам зогсоож байгаад сонгууль хийдэг манай улс анхны цаснаар ч засварын ажлыг гүйцэтгэсээр байх бололтой.
Төлөвлөгөөнөөс бүтэн хоёр сар хоцорч эхэлсэн гэж гүйцэтгэгч компанийн зүгээс хэлсэн бөгөөд ажлаа шахаад ч аравдугаар сар гарч байж л дуусах сурагтай. Тус гудамжны үзүүрт байрлуулсан олон тооны бетон сүүлийн хоёр сар орчим хөсөр хэвтэж, сүүлдээ шоучдын “лонхны” тавиур болжээ.
Тухайн бүсэд байрлах олон оффис үйлчилгээний газрууд зогсоол, бараа түгээлтээс эхлээд нэлээдгүй бэрхшээлийг туулж байгаа гэнэ. Замын урд хэсгээр байсан өндөр моднуудыг бүгдийг нь сугалж, замын бродюрийг хуу хамж байгаад нэлээдгүй сүртэй эхэлсэн засварын ажил энэ чигээрээ анхны цас үзэж мэдэх нь ээ.

 

 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу