“Парис 2024” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд Монгол Улсын дөрвөн тамирчин хүрэл медалийн төлөө өрсөлдсөн ч харамсалтайгаар ялагдсан билээ. Уг тамирчдаас МУГТ Ё.Басхүү, ОУХМ Б.Эрдэнэбаяр нарт Тод манлай уяач Д.Дагвадорж, Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн Д.Даяндэмид нар байр бэлэглэжээ. 

Тодруулбал, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд барилдсан Ё.Басхүүд дөрвөн өрөө, -73 кг-ын жинд өрсөлдсөн Б.Эрдэнэбаярт хоёр өрөө байр тус тус бэлэг болгон өгсөн байна. 

Энэ талаар Ё.Басхүү “Монгол Улсын Тод манлай уяач, “Даян” бөхийн дэвжээний тэргүүн Завхан аймгийн яруу сумын харъяат Д.Дагвадорж ах болон Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн, “Таван хур” ХХК-ийн захирал Д.Даяндэмид ах нар маань миний 12 жилийн хөдөлмөрийг үнэлэн, 121м2 4 өрөө байр бэлэглэлээ.

“Парис 2024” олимпод зорьсон зорилгоо биелүүлж чадаагүй ч ялалт, ялагдлыг минь үнэлэн, үргэлж дэмждэгт та хоёртоо маш их баярлаж байна. Монголын анхны эрэгтэй ДАШТ-ий гурван медальтай тамирчин болохын төлөө өнөөдрөөс ар гэр, ахуй амьдралдаа санаа зовохгүйгээр бэлтгэлдээ орж байна. Хоёр ахынхаа гэр бүлд аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе. Морь нь хурдан, бөх нь хүчтэй байг.

Ташрамд дурдахад, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, ОУХМ Б.Эрдэнэбаяр дүүд цаашдын амжилтыг ерөөж, хоёр өрөө байр өгч байгааг дуулгахад таатай байна” хэмээн цахим хуудастаа бичжээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу