Өмнөд Солонгосын “Korea Hydro & Nuclear Power” (KHNP) компани Финланд, Швед зэрэг Европын хэд хэдэн оронд цөмийн реактор барих гэрээ байгуулахад тун ойрхон байгаа бөгөөд Норвеги, Казахстан ч мөн сонирхож байгаа аж. Энэ талаар тус компанийн тэргүүн Хван Жу Хогийн хэлснээс иш татан, “Bloomberg” мэдээлжээ.

Түүний хэлснээр, KHNP-тэй ойрын хугацаанд гэрээ байгуулах магадлалтай орнуудын тоонд Швед, Финланд, Нидерланд, Словени улсууд багтаж байгаа аж. Бүгд Найрамдах Чех улсын “Дуковани” атомын цахилгаан станцын хоёр блок барих тендерт Өмнөд Солонгосын компани ялсны дараа Норвеги, Казахстаны үйлчлүүлэгчид реакторыг нь худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлэх болжээ.

Хван Жу Хогийн хэлснээр, тус компани 2030 он гэхэд хилийн чанадад арван реактор барих Өмнөд Солонгосын Засгийн газрын зорилтыг биелүүлэх боломжтой аж. Тэрбээр “Бид олон төрлийн бүтээгдэхүүний шугамтай, томоос жижиг хүртэл ямар ч хэмжээтэй реакторууд нийлүүлж, хуучин реакторуудын ашиглалтын хугацааг уртасгаж шинэчлэх боломжтой” гэж “Bloomberg” агентлагт мэдээлжээ.

Хван Жу Хо зарим улс орнууд Орос, Хятадтай цөмийн цахилгаан станцын гэрээ байгуулахаас зайлсхийж байгаа нь тус компанид ашигтайг тэмдэглээд, “KHNP эдгээр орны компаниудтай өрсөлдөхөд бэлэн байх ёстой” гэж нэмж хэлсэн байна.

Өмнөд Солонгос 2009 онд АНЭУ-д атомын цахилгаан станц барих гэрээ байгуулснаар цөмийн технологио экспортолж эхэлсэн. Одоогоор “KHNP” Польш, Египетийн эрх баригчидтай цөмийн цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Үүний зэрэгцээ Бүгд Найрамдах Чех улсад төсөл хэрэгжүүлэхэд багагүй бэрхшээл тулгарч магадгүй юм байна. Чехийн эрх баригчид тендерийн ялагчаар “КHNP” шалгарсныг зарласны дараа энэхүү шийдвэрийг АНУ-ын “Вестингхаус” эсэргүүцэж, төслийг хэрэгжүүлэх эрхийн төлөө маргаан үүсгэжээ.

Хван Жу Хо “Бид “Вестингхаус”-ын эхлүүлсэн хуулийн маргааныг том асуудал болгохгүйн төлөө ажиллаж байна. Бид Чехийн хэлэлцээрийг эцэслэхээс өмнө зөрчлөө арилгана гэж найдаж байна” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: BLOOMBERG
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу